“Мах, сүүний анхдугаар аян”-аар хийх ажлын төлөвлөгөөг батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2017-2020 оны хооронд “Мах, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэхээр болсон. Төв аймаг тус аяныг ирэх оноос хэрэгжүүлэхээр аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар өнөөдөр батлав.
Төв аймаг 2018 оныг “Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ирэх оноос “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд аймгийн хэмжээнд долоон зорилтын хүрээнд 51 арга хэмжээ хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд ирэх жилээс найман мал нядалгааны цэг, мах, сүүний үйлдвэр байхгүй тал хээрийн сумдад үйлдвэр, цехүүдийг барих юм. Үүнээс гадна үйл ажиллагаа нь зогссон олон үйлдвэрүүдийг сэргээх, шинээр томоохон мах, сүүний үйлдвэр байгуулах, малчдын мах, сүүний борлуулалтыг дэмжих ажлууд хийх аж. Мөн гадаадад мах, сүү экспортлох ажлыг одооноос дотоодын үйлдвэрүүдтэй хамтран зохион байгуулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ гэдгийг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Мөн тус аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулахаас гадна аймаг сум хөжүүлэх сангаас шийдвэрлэх аж.
Т.Төмөр