Зөрчил гаргасан жолооч нарт 76 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Замын цагдаагийн тасгаас өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 12 мянга 476 тээврийн хэрэгслийг шалгаж 2153 зөрчил илрүүлжээ. Үүнээс зөрчил гаргасан 35 жолоочид хуулийн дагуу арга хэмжээ авч, нийт нийт 76 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Дээрх хугацаанд гэмт хэргийн шинжтэй нийт зургаан дуудлага мэдээлэл хүлээн авч, ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн харамсалтайгаар амиа алджээ. Зам тээврийн ослын тоо буурахгүй байгаа бөгөөд халтиргаа, гулгаа ихэсч байгаа тул жолооч нарыг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг аймгийн Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.
Аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдмандах “Зөрчил гаргасан жолооч нарт нийт 76 сая төгрөгийн торгуул ногдуулж, зарим жолооч нарын зөрчлийг газар дээр залруулсан. Жолооч нар өөрийн амь нас, эд хөрөнгө, үнэтэй бүхий л зүйлээ хамгаалж, цаг бүр сонор сэрэмжтэй замын хөдөлгөөнд оролцох чухал" гэв.
Т.Төмөр