КазАкпарат агентлаг Ерөнхий сайдтай уулзсан Н.Айшолпан охины талаар онцолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-09 22:33:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүргэдчин охин Н.Айшолпаныг хүлээн авч баяр хүргэсэн уулзалтын талаар Казахстаны төрийн мэдлийн "КазАкпарат" мэдээллийн агентлаг www.inform.kz сайтдаа онцолжээ.

Тус мэдээнд Н.Айшолпаныг АНУ-ын уран бүтээлчдийн "The Eagle Huntress"  киноны гол дүрд тоглож  Монгол Улсаа дэлхийд таниуллаа хэмээжээ. Мөн Бүргэдчин охинтой уулзсаны дараа Ерөнхий сайд өөрийн фэйсбүх хуудсандаа: "Дэлхийн бахархал болсон бүргэдчин охиныг хүлээж авч уулзан баяр хүргэлээ. Бүргэдээр ан хийнэ гэдэг жаахан охины хувьд байтугай эрчүүдийн хувьд ч эр зориг шаардсан зүйл юм. Харин Н.Айшолпан охин 80 шахам эрчүүдийг ардаа орхиж бүргэдийн баярт түрүүлж, түүний тухай баримтат кино дэлхийг шуугиулж, "АЗИ ТИВИЙГ ӨӨРЧЛӨГЧ ЭРХЭМ" гэсэн хүндтэй шагналын эзэн болж, Монгол Улсаа Дэлхийн тавцанд өргөж явна" хэмээн жиргэснийг дурдсан байна.  

Дашрамд дурдахад, Н.Айшолпан охин энэ сарын 2-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо "хүүхэд насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилсөн"-ийнхөө төлөө Ази болон дэлхийн ирээдүйд өөрчлөлт оруулсан нөлөө бүхий хүмүүст олгодог “Asia Game Changer Awards-2017” шагналыг хүртсэн юм.

Ө.Нурболат

相关新闻