Евразийн хөгжил цэцэглэлттэй эн тэнцүү явж ирснийг гэрчлэх хосгүй үнэт бүтээлүүдийг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-10 15:06:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан Улаанбаатарын их сургуулийн Археологийн музейн хосгүй үнэт олдворын дээжсээс дэлгэн үзүүлсэн “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэн өнөөдөр Үндэсний түүхийн музейд нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож үг хэлэхдээ, “Даяаршлын энэ цаг үед үндэсний өв соёлоо тодруулан батжуулах, өвлөн уламжлах, танин мэдүүлэх үүднээс түүх археологийн судалгааны үр дүнг дэлгэх, нийтийн хүртээл болгон сурталчлан дэлгэрүүлэх нь үндэсний оршин тогтнохуйн дотоод аюулгүй байдалд баттай тулгуур болох нь дамжиггүй. Археологийн тэнхимийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын үр дүнд илэрч олдсон өвөг монголчуудын хосгүй үнэт эдлэлүүд нь бид өвөг дээдсийнхээ оюуны сэтгэлгээний хязгааргүй чадамжаар бахархах баримт, тухайн цаг үеийнхээ Евразийн эдийн засаг, нийгмийн хөгжил цэцэглэлттэй эн тэнцүү явж ирсний гэрч болж байна” гэв.

Үзэсгэлэнд 6000-3000 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн түүхэнд холбогдох чулуун зуулга иртэй ясан хутга, хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох “Чемурчекийн соёл”-ын чулуун аягууд, “Мөнххайрханы соёл”-ын хүрэл хутга, хүрэл зүү, ясан зүүлт, “Буган хөшөөт хиргисүүрийн соёл”, “Дөрвөлжин булшны соёл”-ын булшнаас гарсан том, жижиг чулуун шанага зэрэг олдворыг толилуулж байна.



Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг, Хануй голын хөндийн Балгасын тал дахь Гол мод 2-ын язгууртны 1-р булшны малтлага судалгаагаар илэрч олдсон Хүннүгийн хааны сүйх тэрэгний хөллөгөөнд байсан морины алт, мөнгө, хүрэл тоног чимэглэлүүдийг дэлгэжээ. Эдгээр алт, мөнгө, хүрэл тоног чимэглэлүүд дээр нэг эвэрт домгийн амьтнаас гадна ямаа, гөрөөс, бар, ирвэс зэрэг амьтдыг маш гоёмсог дүрсэлсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байлаа.

2100 жилийн өмнө Хүннү нарын хүрэл, төмөр, алт, мөнгө олборлон өөрсдийн аж ахуй, гоёл чимэглэл, зэр зэвсгийн үйлдвэрлэлд хэрэглэж байсныг гэрчлэх хүрэл тогоо, ваар, гүц, аяга, хундага зэрэг сав суулга, алтан ялтсаар чимэглэсэн төмөр хуяг, жадны төмөр гилбэр, сүх зэрэг олдворыг дэлгэсэн байв. Хүннү нарын хэрэглэж байсан төмөр сэлэм нь кино урлаг, болон тайз, дэлгэцнээ харуулсан шиг тахир байгаагүй хоёр талдаа иртэй, шулуун байсныг илтгэх сэлэм, хутга зэрэг зэвсгүүд олдсоноос гадна тэдгээрийг ирлэж байсан билүү, гуранз зэрэг олдвор хамтдаа илэрчээ.



Халтар хашаар хийсэн 23 см дугуй голч бүхий сийлбэртэй хаш эдлэл булшны малтлагаар бүтнээрээ олдсон нь ховорхон тохиолдлын нэг юм. Энэ толины дээр хос ирвэсийг хоёр талаас нь уулзаж буйгаар уран гоё, угалз хээтэй сийлсэн бол дотор талын дугуй тойрогт нэг эвэрт чоно, нохой зэрэг амьтдыг хаш толины хоёр талд, тал тал биеэрээ харагдахаар солбилуулан сийлж дүрсэлсэн чамин тансаг эдлэл юм. Мөн хамгийн ховор үзмэрийн нэг нь халтар хашаар хийсэн 23 см голч бүхий сийлбэртэй чамин тансаг толь юм.

Энэхүү үзэсгэлэнд Археологийн тэнхимийн 20 орчим жилийн туршид малтан судалсан судалгааны үр дүнд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талын Гол Мод-Хүннүгийн хаад язгууртны булш, Эрдэнэмандал сумын Уу хөтлийн Цагаан толгойн дөрвөлжин булш, Өмнөговь аймгийн Номгон сумын Баянбулагийн Хүннүгийн суурин, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын Шинэ чулуун зэвсэг, Хүрэл зэвсэг, Хүннүгийн үеийн оршуулгын дурсгалууд, Завхан аймгийн Баянтэс сумын Хөх хошууны боомын Мөнххайрханы соёлын булш, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хар үзүүрийн хүннү булш, Арбулаг сумын Галбагийн Үзүүрийн Мөнххайрханы соёлын булш, Ховд аймгийн Булган сумын Хөх Үзүүрийн дугуйн хүннү, чемурчекийн соёлын булш зэрэг дурсгалаас илрэн олдсон 571 олдворын дээжис багтжээ.

Эдгээр олдвор нь өвөг Монголчуудын өнө эртний аж ахуй, эдийн соёлын хөгжлийг харуулахын зэрэгцээ тэдний оюуны соёлын гайхамшигт урлагийн нарийн мэдрэмжийг давхар илтгэж буй хэрэг гэдгийг судлаачид хэлж байна.




Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн багш Т.Идэрхангай, “Шинэ чулуун зэвсгийн үеийн Монголын хамгийн эртний оршуулгын дурсгалыг манай судалгааны баг 2014-2015 онд Эгийн голын усан цахилгаан станцын авран хамгаалах малтлага судалгааны ажлаар илрүүлэн олсон. 1967-1972 он хүртэл таван дурсгал олсон ч нэг хэсэг судалгаа түр зогссон байна. 2015 оноос дахин малтлагаар дурсгалууд илрүүлж тасраад байсан судалгааны ажлыг үргэлжлүүлэх боломж бүрдсэн. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талын Гол мод 2-ын язгууртны булшийг 10 жилийн турш цогцоор нь судалж 4000 гаруй эд өлгийн зүйлс олсон. Үүнд хааны хэрэглэж байсан үнэт зүйлс ч олдсон. Тухайлбал, сүйх тэрэгний эд ангиуд, алт мөнгөн чимэглэлүүд дээр домгийн амьтдыг дүрсэлсэн байсан. Хамгийн содон олдвор бол Ромын шилэн аяга монголд анх удаа илэрч олдсон явдал юм. Ромын эзэнт улсын үед үйлдвэрлэсэн цагаан, хөх өнгийн шил хольж хийсэн маш нимгэн шилэн аяга нь Ази тивд төдийгүй Монголоос олдсон хамгийн эртний шилэн эдлэлийн цор ганц хосгүй үнэт дурсгал юм. Энэ аяга нь дэлхий дахинд цөөн байдаг, язгууртнуудын хэрэглээний бэлгэдлийн чанартай. Энэ нь Хүннү, Ром албан ёсны харилцаатай байгаагүй ч гэсэн олдвороос үзэхэд харилцаж байсныг харуулж байна” гэв.

Улаанбаатарын их сургуулийн Археологийн музейг 2012 оны намар нээсэн бөгөөд Археологийн тэнхимийн судлаач, профессор багш нарын 15 орчим жилийн турш хэрэгжүүлсэн суурь судалгааны ажлын үр дүнд илэрсэн түүх, соёл, археологийн дурсгалаар сан хөмрөгөө баяжуулсаар иржээ. Үзэсгэлэнг энэ сарыг дуустал олон нийтэд үзүүлэх аж.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻