Монгол Улсын анхны аудиторын дурсгалыг мөнхөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-14 16:32:44
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын анхны Ерөнхий аудитор Лхамсүрэнгийн Жавзмаагийн дурсгалд зориулсан гэрэлт самбарыг Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын байрны хананд байрлууллаа.
Л.Жавзмаа 1992-1995 онд Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ одоогийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын байр болох ахуйн үйлчилгээний зориулалтаар баригдаад зах зээлийн эхэнд ашиглалтгүй байсан барилгыг аймгийн нутгийн удирдлагын ордон болгон тохижуулж байсан түүхтэй юм.
1966 онд Булган аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтэст хянан байцаагчаар анх томилогдож, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлүүлж, ахуй үйлчилгээ, төр, захиргаа, төрийн хяналт, төрийн аудитын байгууллага, дипломат албанд 48 жил тасралтгүй ажилласан төрийн нэрт зүтгэлтнийхээ алдрыг Булганчууд ийнхүү мөнхөллөө.
Гэрэлт самбар байрлуулах ёслолд Л.Жавзмаагийн хүү Ганболд, Болдбаатар нар оролцлоо. Хүү Ж.Болдбаатар нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын даргын алба хашдаг юм.
Сумын Засаг даргын Тамгын газрын байрны засварыг ашиглалтад авах үйл ажиллагааг энэхүү ёслолтой хамт тэмдэглэлээ.
М.Батжаргал
相关新闻