Нутгийн удирдлагын шинэ тогтолцооны 25 жилийн ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-20 19:16:19
Булган /МОНЦАМЭ/  Булган аймагт нутгийн удирдлагын шинэ тогтолцооны 25 жилийн ойг ирэх сарын эхээр тэмдэглэнэ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох долоон удаагийн сонгууль болж зөвхөн аймгийн ИТХ-д давхардсан тоогоор 238 хүн сонгогдон ажиллаж байжээ. Тэдгээрээс аймгийн ИТХ-ын даргаар гурван удаа улиран сонгогдсон Ц.Энхбат, Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ нар хамгийн олон буюу зургаан удаа сонгогч олны итгэлийг хүлээж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.
2000 онд “Аймгийн 2030 хүртэлх хөгжлийн хөтөлбөр”, 2010 онд “Аймгийн хөгжлийн цогц бодлого” зэргийг батлан гаргаснаар аймгийн эдийн засаг нийгмийн хөгжилтэй холбогдолтой бодлого, хөтөлбөр боловсруулах үндэс, тэдгээрийг хооронд нь уялдуулах суурь нь болж өглөө.
Аймгийн ИТХ 1998 онд Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит аймгийн хүндэт шагнал, 2008 оноос Хөдөлмөрийн баатар З.Очир, Б.Галт-Очир нарын нэрэмжит шагнал, 2011 оноос төр нийгмийн зүтгэлтэн төрийн шагналт зохиолч С.Удвал, 2015 оноос Ардын эмч Р.Пүрэвийн нэрэмжит шагналыг бий болгож, тэргүүний хүмүүсийг шагнаж байна гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.
М.Батжаргал
相关新闻