Өөр аймгийн нутагт 55400 толгой мал оторлож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2017-2018 оны өвөл Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2590 өрхийн 96600 бод, 597400 толгой бог, нийтдээ 676000 мал отроор өвөлжинө гэсэн тооцоо гаргасан юм.
Үүнээс хилийн зурвас газарт 112300, улсын тусгай хамгаалалттай газарт 115300, өөр аймгийн нутагт 96100, сум дундын отрын бүсэд 100100, тусгай хэрэгцээний отрын бүсэд 35000 толгой мал өвөлжихөөр болжээ.
Одоогийн байдлаар Ховд аймгийн Дуут сумын нутагт 14400, Мөнххайрхан сумд 35000, Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт 6000, нийтдээ 55400 толгой мал оторлож байна. Бусад малчдын хувьд бэлчээр, цаг агаарын байдлаас шалтгаалан оторт хараахан гараагүй ажээ.
Дашрамд хэлэхэд, энэ өвөлд аймгийн хэмжээнд 2312614 толгой мал өвөлжих ба энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 145 мянган толгоойгоор илүү үзүүлэлт юм.
Ө.Нурболат