Хүүхдийг гэмт халдлага, болзошгүй эрсдлээс хамгаалах “Цахлай” төсөл нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2017-11-27 17:30:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах, учирч болох аюулаас хамгаалах үндсэн зорилготой хүүхэд хамгаалал болон хүүхэд хөгжлийн “Цахлай” төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

"Цахлай" төсөл нь хүүхэд хамгааллын чиглэлд, хүүхдийн байршил тогтоох систем болон цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тал дээр технологийн шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Харин хөгжлийн чиглэлд, хүүхэд залуусыг тэнцвэртэй үнэн зөв, хэрэгтэй мэдээ мэдээллээр хангах үүднээс http://tsahlai.mn сайтыг нээн ажиллуулж байгаагаас гадна цаашид гар зургийн уралдаан, гэрэл зургийн уралдаан, сагсан бөмбөгийн тэмцээн, нийгмийн олимпиад гэх мэт тэмцээн уралдаануудыг цаашид зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

"Цахлай" төслийн удирдагч С.Батсайхан "2015 оноос эхэлж, 2017-2018 оны Хичээлийн шинэ жилд үйл ажиллагаагаа эхлүүлсэн уг төслийн гол зорилго нь хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах, цахим орчинд зөв боловсон оролцуулах, цахим орчин дахь гэмт хэргийн золиос болохоос сэргийлэх юм. Нийгмийн цочроосон гэмт хэргүүдийн дийлэнх нь цахим орчноор дамжин үйлдэгдэж байна. Тиймээс бага, өсвөр насны хүүхдүүдийг цахим орчинд хэрхэн хязгаарлалттай оролцуулах нөхцлийг бүрдүүлэхэд дэвшилтэт технологийг ашиглахаар зорьж байна" хэмээв.  



Уг төслийн зүгээс ерөнхий боловсролын ахлах болон дунд ангийн сурагчдын дунд “Цахлай” төслийн нэрэмжит гар зургийн уралдаан зарлаад байсан бөгөөд хүүхдүүд ирээдүйг хэрхэн төсөөлж буйг, тэд юу хүсэж мөрөөдөж байгааг нийгэмд таниулах зорилготойгоор дээрх уралдааныг зохион байгуулжээ. “Цахлай” гар зургийн уралдаанд, улсын хэмжээнд 90 гаруй сургууль оролцож нийт 500 орчим бүтээл ирүүлснээс мэргэжлийн шүүгч нар  3 үе шаттай шүүлт явуулсны дүнд, ахлах болон дунд ангиас тус бүр гурван шилдэг бүтээлийг шалгаруулжээ.

Нийт 6 шагналт байр, 21 тусгай байрын эздэд өнөөдөр мөн өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан юм.
Тусгай байрт:
1. Монгени сургууль, 9в анги Г.Ганболор
2.41-р сургууль, 11а анги, Энхтулга
3.2-р сургууль, 9г анги, О.Анар
4.60-р сургууль, 12в анги, Н.Батцэцэг
5.77-р сургууль, 12-2 анги, З.Лхагвадулам
6. Бритиш скүл оф Улаанбаатар 11-р анги, Б.Мөнгөлдэй
7.52-р сургууль, 7б анги, Л.Мандахбаяр
8.12-р сургууль, 6б анги, Б.Бямбасүрэн
9.Монгени сургууль, 6д анги, Т.Нандинхишиг
10. 19-р сургууль, 10а анги, Б.Пүрэвчимэд
11.34-р сургууль, 11а анги, П.Цолмон
12.Амгалан цогцолбор, 12а Б.Анхбаатар
13. Оюуны ундраа, 6д анги, Э.Тэргэл
14.10-р сургууль, 7а анги, Ч.Сэргэлэнбаатар
15.Амгалан цогцолбор, 12а анги, Ө.Улсболд
16.15-р сургууль, 6а анги, Э.Хулан
17. Хобби сургууль, 8б анги Э.Анударь
18. 2 сургууль, 7а анги, Э.Энх-Амгалан
19. 5-р сургууль 10б анги, Б.Батчимэг нар шалгарсан байна. 

Онцлох бүтээл”-ийн эзнээр 67-р сургуулийн 12д ангийн Б.Тэмүүжин шалгарч "Цахлай" үйлчилгээг бүтэн жилийн турш үнэгүй ашиглах эрхийн бичгээр шагнууллаа. Мөн уралдаанд ирүүлсэн нийт бүтээлүүдийг “Цахлай” пейж хуудсанд байршуулж хамгийн их хандалт авсан зургийг тусгай байрт шалгаруулжээ. Тусгай байрын шагналтнаар 86-р сургуулийн 9а ангийн сурагч С.Хонгорзул шалгарч өргөмжлөл, “Цахлай” үйлчилгээний эрхийн бичиг болон Худалдаа хөгжлийн банкны нэрэмжит гарын бэлгийг гардууллаа.



Харин дунд ангийн сурагчдын бүтээлүүдээс 3-р байрт, 13-р сургуулийн 9е ангийн сурагч Э.Энхжин, 2-р байрт 13-р сургуулийн 9е ангийн сурагч Э.Саруулзаяа, 1-р байрт Налайх дүүргийн  “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 8-2-р ангийн сурагч Энхтөр овогтой Алтайбаатарын бүтээл тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал гардууллаа.
Түүнчлэн ахлах ангийн ангилалаас, 3-р байрт “Амгалан” цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Э.Тэмүүлэн, 2-р байрт “Дойче шуле” сургуулийн 11а ангийн сурагч С.Ундарьяа, 1-р байрт “Бритиш скүл оф Улаанбаатар” сургуулийн  10б ангийн сурагч Баярмагнай овогтой Анирлангийн бүтээл тус тус шалгарчээ.



Мөн дээрх уралдааныг, Худалдаа хөгжлийн банк дэмжин ажилласан бөгөөд уралдааны ялагч нарын мөнгөн шагналыг хүүхдийн хадгаламж хэлбэрээр байршуулж, оролцогч хүүхдүүдэд тус банкны нэрэмжит гарын бэлэг гардуулсан юм. Худалдаа хөгжлийн банк нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд хамгаалал, хөгжлийн хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг аж.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ



 
 
相关新闻