Нэгэн жарны хугацаанд 1000 гаруй хятад хэлний мэргэжилтэн бэлтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-11-28 12:03:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Хятад судлалын мэрэгжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн баярын хурал энэ сарын 24-нд МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны Эрдмийн танхимд болов. 
Хурлын нээлтэд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтын захирал Жу Жюньли нар баяр хүргэж үг хэлэв.
Хурлын үеэр Д.Ундрах, Г.Элдэв-Очир нарын “Дэлхийн хятад судлалын чиг хандлага”, Д.Баярхүү “Хятадын цэрэг, улс төрийн потенциал ба эдийн засгийн тэлэлт”,  Ж.Баясах, Б.Индра нарын  ”Монгол, Орос, Хятад гурван улсын харилцааны шинэ өрнөл”,  Н.Ариунгуа, Ч.Батцэцэг нарын “Монголын хятад судлалын өнөөгийн байдал, цаашдын төлөв”, Д.Шүрхүү, Д.Бадмаанямбуу нарын “Бүс ба зам”-Монголын хятад судлалын шинэ сэдэв болох нь”, Ж.Баттөр “АНУ-ын хятад судлаач Ж.Спенсегийн бүтээлүүдийн тухайд”, В.Батмаа “Монгол дахь хятад хэлний сургалтын өнөөгийн байдал”, Ш.Эгшиг “Монгол Хятадын соёлын харилцааны уламжлалын онцлог”, М.Чимэдцэеэ “Хятадын уран зохиолын монгол орчуулгын онцлог” зэрэг сэдвээр  үндсэн илтгэл тавьж, харилцан санал бодлоо солилцов.
Анх хятад хэлний сургалт явуулсан 1957 оноос 2017 он хүртэлх нэгэн жарны хугацаанд 1000 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн бөгөөд төгсөгчид эх орныхоо бүтээн байгуулалтын бүхий л салбарт ажиллаж байгаа аж. МУИС-ийн Хятад судлалын тэнхим нь бакалавр, магистр, докторын шаталсан сургалтаар хятад хэл шинжлэл, орчуулга, хятад хэл-орон судлал, хятад хэл заах аргын мэргэжилтэн бэлтгэн гаргадаг байна.

Ж.Болор
相关新闻