Голомт банк "Турк EXIM" банктай хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2017-11-30 13:46:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Турк Улсаас бүтээгдэхүүн үйлчилгээ импортлогч аж ахуй нэгж, харилцагчдадаа богино болон урт хугацаат, хөнгөлөлттэй нөхцөл бүхий санхүүжилт олгох зорилгоор тус улсын Турк EXIM банктай хамтран ажиллах санхүүжилтийн гэрээг өнгөрөгч 9 дүгээр сард байгуулжээ. 

Дэлхийд цөөнд тооцогддог баталгаа, даатгал, шууд зээлийн үйлчилгээг үзүүлэгч Экспортын санхүүжилтийн агентлагийн  нэг болох Турк EXIM банк нь Голомт банкны харилцагчдад 24 сар хүртэлх хугацааны зээлийг 100 хувь олгоно. Харин 24 сараас дээш урт хугацааны зээлийн хувьд Турк Улсаас экпортолж буй бараа бүтээгдэхүүний гэрээний дүнгийн 85 хүртэлх хувийг санхүүжүүлэх боломжтой бөгөөд үлдэгдэл 15 хувийг худалдан авагч өөрөө хариуцах аж.     

Хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч харилцагчдын хувьд зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 2 жил байх бол тоног төхөөрөмж, барилгын төсөлтэй холбоотой худалдан авалт хийж буй тохиолдолд 10 хүртэлх жилийн хугацаатайгаар санхүүжилт авах боломж үүгээр нээгдэж байна.

Энэхүү санхүүжилтийн гэрээг байгуулснаар Монголын бизнес эрхлэгчид санхүүгийн таатай нөхцлөөр зээл авах боломж бүрдээд зогсохгүй, хоёр улсын гадаад худалдаа өсөх нэмэгдэх зэрэг өндөр ач холбогдолтой.
Б.Туул
相关新闻