Баян-Өлгийн 71 багийн малчид цаг агаарын мэдээг мессежээр авч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Мерси Кор" Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй "Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2" төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн 12 сумын 71 багийн малчид багийн төвшний цаг агаарын болон бэлчээрийн ургацын мэдээг гар утсаараа мессеж хэлбэрээр хүлээн авдаг боллоо.
Малчин ямар гар утас, үүрэн холбооны сүлжээ ашигладгаас үл хамааран 130105 тусгай дугаар руу багийн бүсчлэлийн кодыг илгээж, 1-6 өдрийн цаг агаарын төлөв байдал, температур, салхины хурд, хур тунадасны хэмжээ зэрэг мэдээллүүдийг хүлээн авах боломж бүрдсэн байна. "Мерси кор" ОУ-ын байгууллагын аймаг хариуцсан зохицуулагч Х.Жумагүлийн мэдээлснээр дээрх үйлчилгээг 2018 онд багтаан Өлгий, Бугат сумдын үлдсэн 19 багт нэвтрүүлэх юм.
Төсөл хэрэгжүүлэгчид цаашид уг үйлчилгээг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, Онцгой байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын аль нэгэнд хариуцуулж, малчдыг мэдээллээр тогтмол хангахыг зорьж байгаа ажээ.
Ө.Нурболат