Амралтын өдрүүдэд “Травиата” дуурь үзэгчдэд хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн сонгодог урлагийн оргил бүтээл Ж.Вердийн “Травиата” дуурийг энэ сарын 09, 10-нд тайзнаа толилуулна.
Энэхүү дуурь нь анх гол баатрын нэрээр "Виолетта" хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд 1853 онд Италийн Ла Фенис театрт нээлтээ хийжээ. Цомнолыг хүү Александр Дюмагийн "Камелийн цэцэгт хатагтай" зохиолоос сэдэвлэн Ф.М.Пьяве бичсэн бөгөөд Верди, Пьяве нар Дюмагийн зохиолын утга, агуулгыг дагаж орчин үедээ тохируулан хийхийг хүссэн боловч захиалагч болох Ла Фенис театраас дуурийн үйл явдлыг өнгөрсөн зуунаар байлгахыг хатуу шаарджээ. Тиймээс 1880-аад оныг хүртэл уг бүтээл жинхэнэ түүхэн хугацаагаа харуулж чадаагүй аж. Энэхүү дуурь өнөөдөр дэлхий дахины театруудын урын санд томоохон байр эзлэх болсон.
Манай театрын тайзнаа 1977 онд анх тавьсан бөгөөд найруулагчаар УГЗ Ё.Цэрэндолгор, удирдаачаар УГЗ Ч.Жамсранжав, ерөнхий зураачаар АЗ Ч.Гунгаасүх нар ажиллаж байв.
УДБЭТ-ын хамт олон 2015 онд БНСУ-ын найруулагч Ан Хо Воныг урьж уг дуурийг шинэчлэн тавьсан юм. Энэхүү бүтээлийн тайз чимэглэлийг СТА Г.Ганбаатар, хувцсыг Г.Оюун нар урлан бүтээжээ.
Дуурийн үйл явдал XIX зууны дунд үеийн Парис орчимд өрнөнө. Тасалбар нь суудлын зэрэглэлээс хамаарч 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.