Аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэлийн 140 сая төгрөгийн өртэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн төсөвт байгууллагууд 228 сая, аж ахуйн нэгжүүд 141,2 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна.
Энэ нь өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад төсөвт байгууллагуудын өр 429,4 сая, аж ахуйн нэгжүүдийн өр 134,4 сая төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлт аж.
Уг асуудлаар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерханаас тодруулахад: "Төсөвт байгууллагуудын цалингийн сан хэтэрсэн, төсөв танагдсан зэрэг шалтгаануудын улмаас өр үүссэн байсан. Саяхан 2017 оны төсвийн тодотголоор уг асуудал шийдэгдлээ. Санхүүжилт нь орж ирсэн тохиолдолд өр барагдана гэж ойлгож болно. Аж ахуйн нэгжүүдийн хувьд "Файнноос", "СС-Монголиа" зэрэг томоохон компаниудад оны эцэс хүртэл өрөө төлж барагдуулах шаардлагыг тавьж ажиллаж байна" гэлээ.
Харин хугацаандаа өрөө барагдуулаагүй аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шүүхэд шилжүүлэх ажээ.
Ө.Нурболат