Эрх чөлөөний радио "Монголын анхны эгч, дүү хурандаа" нарыг онцолжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Чех Улсын нийслэл Прага хотод төвтэй Олон Улсын Эрх чөлөөний радио казах хэлээр мэдээлэл түгээдэг www.azattyq.org сайтдаа анагаахын шинжлэх ухааны доктор, хурандаа К.Анаргүл, хууль зүйн ухааны доктор, хурандаа К.Женисгүл нарын тухай нийтэлжээ.
"Улаанбаатарт амьдардаг эгч, дүү хурандаа нар" сэдэвт нийтлэлд тэднийг "Монгол Улсын түүхэн дэх анхны эгч, дүү хурандаа цолтнууд" хэмээн онцолсон байна. Мөн: "Хурандаа К.Анаргүл эмч мэргэжилтэй. 2003 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн академид шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Монголын Батлан Хамгаалах Их Сургуульд профессор цол авчээ. Өнгөрсөн жил Монгол Улсын Гавьяат эмч хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн байна. К.Женисгүл нь орос, англи хэлээр чөлөөтэй ярьдаг. 2008 онд Санкт-Петербург хотноо хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалж байжээ. Моринд дуртай. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтэст тасгийн дарга, хэлтсийн даргаар ажиллаж байсан" хэмээжээ.
Дашрамд хэлэхэд, хурандаа К.Анаргүл 2013 оноос Улаанбаатар хотод Цэргийн эмнэлгийн даргаар ажилладаг байна. Харин хурандаа К.Женисгүл нь Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын төвийн дэд даргаар ажиллаж байгаад 2016 оноос тэтгэвэрт гарсан ба одоо бизнесийн салбарт хөл тавьжээ. К.Женисгүлийн хувьд цагдаагийн байгууллагаас төрөн гарсан анхны эмэгтэй хууль зүйн ухааны доктор, анхны эмэгтэй газрын дарга хэмээх ховор хувь заяаны эзэн ажээ.
Ө.Нурболат