ХХ зууны эхэн үеийн Монголын түүхэнд VIII Богд Жавзандамба чухал үүрэг гүйцэтгэсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-12-08 15:58:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулан “Монголын бурханы шашин дахь Дээрхийн гэгээн Богд Жавзандамба нарын институц: Өнгөрсөн, одоо ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, ШУА хамтран зохион байгууллаа.

Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлахад VIII Жавзандамба хутагт /1869-1924/ Богд хаанд өргөмжлөгдөж байв. Тэрээр 1924 онд насан эцэслэтлээ хаан ширээнд суужээ. Түүнийг нас нөгчсөний дараа коммунист засгийн газар байгуулагдаж, хойд дүрийг нь тодруулахыг хориглосон. Харин Далай лам 1932 онд төрсөн Жамбал Намдол Чойжи Жанцанг IX Жавзандамба хутагтаар тодруулсан билээ. 
VIII Богд Жавзандамба Монголын түүхэнд эерэг үүрэг гүйцэтгэсэн түүхийн бүхий л үед монголын ард түмнийг гэсэн чин сэтгэлтэй зүтгэлтэн байсан. Энэхүү түүхэн хүнийг бодит үнэнээр нь дүгнэн цэгнэх цаг болсон гэдгийг эрдэмтэн судлаачид энэ үеэр хэлж байв.



Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ж.Одгарьд хэлэхдээ, “Халхад 9 Богд удаа дараалан цаг улиран заларсан байдаг. Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазараас эхлээд өнөөдрийг хүртэл 9 Богд Монгол оронд заларч шашныг дэлгэрүүлсэн түүхэн баримт бий. Өндөр гэгээн Занабазар бол Монголын бурханы шашныг 1600 оны эхэн үеэс дэлгэрүүлж түүний монголын бурханы шашинд үйлдсэн үйлс үлэмж юм гэдгийг цаг хугацаа өнгөрөх тусам дэлхий нийт онцгойлон судалж байна. Түүний урлахуйн ухааны салбарт олон, бүтээл туурвисан нь дэлхий нийтийн хосгүй нандин бүтээл болсон байдаг. Түүний дараа II Богдын үеэс Амарбаясгалант хийд, V, VI Богдын үеэс Гандантэгчинлэн хийд зэрэг монгол орны томоохон түүхийн дурсгалт хийдүүд олноор бий болсон. VIII Богдын үед Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн үйл явдал болсон нь монголчууд 200 гаруй жил харийн орны түрэмгийлэл дарлалаас ангижирч Үндэсний эрх чөлөөгөө тунхагласан явдал юм” гэв.
Хурлын үеэр Монгол, Герман, ОХУ, Японы эрдэмтэд үе үеийн Богдуудын түүхэнд  үлдээсэн гавьяа зүтгэл, үйл хэргийг судалсан судалгааны бүтээлээрээ илтгэл тавив. 
Гандантэгчинлэн хийдийн гавж, доктор Ш.Сонинбаяр, "Халх Монголын бурханы шашны тэргүүн Өндөр Гэгээн Занабазар: Их хүрээг үндэслэн байгуулсан, соёмбо ба эв нэгдлийн уриа” илтгэл тавив.
Тэрбээр илтгэлдээ Өндөр гэгээний угсаа гарвал, гэгээн цолд хүрсэн, түүний зохиосон соёмбо үсгийн талаар түүхэн баримтад тулгуурласан нь хуралд оролцогчдын сонирхлыг татаж байв.
Жишээ нь Сэцэн хан Шолой Түшээт хан Гомбодоржийн шинэ хөвгүүнийг төрөхүйд өөрийн биеэр морилон, нялх хөвгүүнд “Гэгээн” цол хайрлаж, түүнээс хойш энэ цолыг үе улиран хэрэглэсээр өнөө хүрсэн.
Соёмбо үсгийг төрийн туг далбаанд мандуулах болсны учир нь Зава дамдин гавжийн санал зөвлөгөөг үндэслэсэн, Өндөр гэгээн Төвдөд Лувсанчойжижалцан банчин богдын шавь байхдаа өвлийн дунд сарын шинэ дээр бясалгал бодролд нь олон бичиг үсгийн дүрс харагдсаныг тэрбээр багшдаа айлтгахад маани мэт энэ дүрсүүд нь танай монгол оронд дэлгэрэх ёстой юм шүү нутагтаа очиж дэлгэрүүлээрэй хэмээн айлтгасан байдаг. Өндөр гэгээн Занабазарын бодож боловсруулснаар 1686 онд соёмбо үсэг зохиогдсон" хэмээв.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан “Монголын бурхан шашин дахь Богд Жавзандамба хутагтын институцын оргил нь VIII Богд Жавзандамба хутагтын үе болмой” сэдэвт илтгэл тавив. Тэрбээр, “Бурханы шашин бол монголчуудыг нэгтгэх том хүчин зүйл юм. Энэ нь улс төрийн үйл ажиллагаа, Үндэсний тусгаар тогтнолын тэмцлийг удирдан зохион байгуулахад хамгийн том хөшүүрэг болсон гэж үзэж болно. Тиймээс бурханы шашны тэргүүний хэлсэн үг бол монголчуудын хувьд хууль юм. Богд Жавзандамба хутагт шашны болон дорно дахины түүх, гүн ухаанд холбогдох ном зохиолуудыг даяанд сууж байгаа юм шиг уншиж, цээжлэн бясалгадаг байв.
XX зууны эхэн үеийн Монголын бурханы шашны хөгжил бол Богдын институцын ид оргил үе байсан бөгөөд тиймээс ч бурхан шашин тархай бутархай монголчуудыг нэгтгэсэн том улс төрийн хүчин зүйл болсон. Түүний улмаас бурханы шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт монголчуудын үндэсний тэмцлийг удирдан манлайлж, Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдсөн билээ. Богд Жавзандамба хутагт бол монголчуудад дахин сэргэлт өгсөн 1911 оны Үндэсний хувьсгалын удирдагч эцэг бөгөөд Монголын сүүлчийн эзэн хаан байв. Тэрбээр алсын хараатай, цэгцтэй, няхуур бодлого баримталсны үр дүнд монголчуудын үндэсний тэмцэл амжилт олж, монголын тусгаар тогтнол, төр улсаа сэргээсэн” гэв.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻