“Ногоон сум” реалити шоуг орон даяар нэвтрүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-12 17:51:51
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-тэй хамтран “Ногоон сум” реалити шоуг орон даяар нэвтрүүлж эхэллээ.

Уг реалити шоу нэвтрүүлэгт хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож байгаагүй олон нийтийн төлөөлөл болох 5 оролцогч оролцон мэргэжлийн зөвлөх байгууллагуудаас зөвлөгөө авсны үндсэн дээр “Монголын хөрөнгийн бирж” дээрээс үнэт цаас худалдан авч оролцож буй юм. Нэвтрүүлэг нь тус бүр 40 минут үргэлжлэх 7 удаагийн дугаараас бүрдэх бөгөөд нэвтрүүлгийн эцэст хөрөнгө оруулалтын багцаа хамгийн ихээр өсгөсөн оролцогч нь ялагч болох аж.

Хөрөнгийн зах зээл нь зах зээлийн ерөнхий төлөв байдал болон хувьцаат компанийн үйл ажиллагаатай уялдан өсч буурч тогтмол хэлбэлздэг бөгөөд үнэт цаасанд хөрөнгө оруулснаар оролцогчдын хөрөнгө оруулалтын багц нь өсөх, буурах аль аль нь магадлалтай юм. Нэвтрүүлэг нь зах зээлийн ач холбогдол, хөрөнгөө өсгөх боломжийг төдийгүй мөн эрсдлийг  үнэн бодитоор хүргэж буйгаараа онцлогтой гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна.

Б.Заяа  
相关新闻