Зөвшөөрөлгүй хашаа, барилгуудыг нурааж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын албанаас тус дүүргийн нутаг дэвсгэрт орц, гарц хааж зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, хашаа хайсыг нураах ажиллагаа явуулж байна.
Уг арга хэмжээг тус дүүргийн Засаг даргын захирамжаар гүйцэтгэж байгаа бөгөөд орон сууцны хорооллын дундах автозам болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилсөн газар нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөл, барилга байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулж байна.
Арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I, II дугаар хэлтэс, Өмч газрын харилцааны алба болон хороод, хэлтэс, албадууд хамтран энэ сарын 20 хүртэл явуулах юм.
Н.Туяа