Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан "Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг аймгийн ИТХ, Шатрын холбоо хамтран Өлгий хотод өнөөдөр зохион байгууллаа.
УИХ-ын даргын ивээл дор явагдсан уг тэмцээнд сумдаас шалгарсан 30 гаруй шатарчин оролцлоо. Тэмцээний нийлбэр дүнгээр эрэгтэйчүүдээс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга М.Дауренбек нэгдүгээр байрыг эзэлж, "Голомт" банкны аймаг дахь салбарын ажилтан Х.Хуандаг хоёрдугаар байр, С.Ержан гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Эмэгтэйчүүдээс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн М.Енлик, Нэгдсэн эмнэлгийн сувилагч Н.Айдынгүл, Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн багш Т.Таня нар эхний гурван байрыг эзэллээ.
Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан тэмцээнд эхний байруудад шалгарсан шатарчдад баяр хүргэж, шагнал гардууллаа.
Дашрамд хэлэхэд, шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад аймгийн ИТХ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Ө.Нурболат