Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалтыг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулахаар зарлажээ.
Энэ удаад аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсүүдийн дарга нар болон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөгжимт драмын театрын дарга зэрэг есөн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах аж.
Өнгөрсөн сард Баян-Өлгий аймагт ирж ажилласан Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг "2016 оны 9 дүгээр сараас хойш аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдах албан тушаалтнууд болон Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдаагүйгээс 48 хүн түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна" гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Үлдсэн удирдах ажилтнуудын сонгон шалгаруулалт хэзээ зарлагдах эсэх нь хараахан тодорхойгүй байна.
Ө.Нурболат