Хот тохижилтын зарим ажилчдад урамшуулал олгохгүй болсонд гомдолтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-14 19:58:24
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвд 75 хүн ажилладаг боловч төрийн албан хаагчдын ажлын үр дүнгийн урамшууллыг 23-т нь олгох шийд гарчээ. 
Хот тохижилт үйлчилгээний төвд 23 ажилчинд олгох 6900,000 төгрөг батлагдаж ирсэн бөгөөд 52 ажилчинд олгогдоогүй учраас ажилчид нь эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хэвлэлийнхэнд хандлаа.
Тус төв нь 2014-2016 оныг хүртэл 66 ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байгаад Мөрөн сумын Засаг даргын 2017 оны 02-р сарын 23-ны өдрийн А/35-тоот Захирамжаар 75 ажилчдын орон тоо батлагдаж ажиллаж байна.
"Мөрөн сумын айл өрхийн хог хаягдал, ногоон байгууламж, нохой устгал, гэрэлтүүлэг гэсэн ажлуудыг  жилийн дөрвөн улиралд хариуцан халуунд халж, хүйтэнд хөрч  ажилладаг биднийг ялгаварлаж байгаад гомдолтой байна. Энэхүү гомдлоо аймаг орон нутгийн удирдлагуудад бид албан ёсоор хандан бичгээр албажуулан өгч байна. Хэрвээ энэ асуудал шийдэгдэхгүй бол цаашид ажил хаях, тэмцлийн арга хэмжээг зохион байгуулах болно" гэж Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчид ярилаа.

Б.Гантуяа 
相关新闻