Баян-Өлгий аймгийн ИТХ-ын цахим хуудас тэргүүн байр эзэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүтээгдсэн www.khural.mn цахим хуудасны дэд цахим хуудаснуудыг хөгжүүлэх уралдаанд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын www.bayan-olgii.khural.mn сайт тэргүүлжээ.
Мөн сумдаас Бугат сумын ИТХ-ын цахим хуудас нэгдүгээр байр, Цэнгэл, Толбо сумдынх хоёрдугаар байр, Баяннуур сумын ИТХ-ын цахим хуудас гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.
Уралдаанд улсын хэмжээнд нийтдээ 366 дэд цахим хуудас өрсөлджээ. Байр эзлүүлэхдээ уралдаанаас өмнөх буюу суурь үзүүлэлт, уралдаант хугацаанд хийсэн ажил, шинэлэг санал, санаачилга гарган ажилласан байдал, нийтэлсэн мэдээ, мэдээллийн агуулга, найруулга, зорилго нь стандарт шаардлагад нийцсэн эсэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэжээ.
Зохион байгуулагчдын зүгээс байр эзэлсэн аймаг, сумдын ИТХ-ын цахим хуудасны админ тус бүрт 500000-1000000 төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болсон байна.
Ө.Нурболат