Урьдчилан сэргийлэх шалгалтаар 67 зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-18 13:25:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяр ирж байгаатай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид өнгөрсөн долоо хоногт нийтийн хоолны үйлчилгээ явуулж буй 27 аж ахуй нэгж, иргэнд сэргийлэх шалгалт явуулжээ.

Шалгалтын явцад ариутгал цэвэрлэгээ дутмаг, дотоод хяналт сул, холбогдох бүртгэл хөтлөлтийн ажил хангалтгүй зэрэг 67 төрлийн зөрчил илрүүлжээ. Илэрсэн зөрчлүүдийн 67 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан байна.

Мөн баярын өдрүүдэд хоолны хордлого гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 22 үйлчилгээний байгууллагын 45 тогооч, менежерт хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт зохион байгуулж, аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн эмч, ажилчдад “Хүүхдийн хүнсний аюулгүй байдал” сэдвээр мэдээлэл хийжээ.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил энэ сарыг дуустал үргэлжлэх ажээ.

Ө.Нурболат

相关新闻