Замын-Үүдийн чөлөөт бүсэд тулгараад байгаа асуудлыг судлах ажлын хэсэг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2017-12-19 09:43:51
Дорноговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын  Их хурлын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд суманд энэ сарын 18-19-нд  албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр Замын-Үүдийн Чөлөөт бүсийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдсан усан хангамж, ариутгах татуурга, дулааны станц, цахилгаан хангамж, авто зам холбоо гэсэн дөрвөн багц ажлын бүтээн байгуулалттай танилцав. Дээрх ажил нийт 58.8 сая ам долларын өртөгтэй бөгөөд 50 сая ам долларыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, 8.8 сая ам долларыг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлжээ. Бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын “Chine Camc Engineering” компани гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна. 
Ус цэвэршүүлэх байгууламж баригдсан ч үйл ажиллагаа нь эхлээгүй
Албаныхан эхлээд ус цэвэршүүлэх үйлдвэрээр оров. 10.9 сая ам долларын өртгөөр баригдсан ус цэвэршүүлэх, үйлдвэрийг 2012 онд барьж эхэлсэн. 2016 онд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр Улсын комисс хүлээн авсан хэдий ч хэрэглэгч байхгүй /ашиглалтын зардлыг эргүүлж олох боломж байхгүй/-н  улмаас ашиглаагүй өдий хүрчээ. Замын-Үүдийн гүний худгийн ус нь Атлантын далайн усны хатуулагтай адилхан хэмжээнд байдаг аж. Өөрөөр хэлбэл маш өндөр хатуулагтай усыг хамгийн сүүлийн үеийн шүүх технологиор зөөллөж, тунгааж, хийн технологийн аргаар эрдэс бодисыг дахин сэргээж, стандартад нийцүүлэн хэрэглэгчдэд хүргэх боломжтой. Замын-Үүдийн иргэд одоогоор 2800 төгрөгөөр баллонтой цэвэр усыг худалдан авч хэрэглэж байгаа. Хоногт 3200 шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэрийн зураг төсөл, ажлын даалгаврыг стандартын дагуу гүйцэтгэж дууссан боловч Замын-Үүдийн болон Чөлөөт бүсийн  хэрэглэгчдэд хүргэх хоёрдугаар шатны ажил үлдсэн байна. Мөн хоногт 3040 шоо метр хүчин чадалтай бохирын цэвэрлэх байгууламж, гурван км-т даралттай шугам, хоёр км-т өөрийн урсгалын бохирын шугам, 16.3 км-т бохир усны шугам болон 9.8 км цэвэрлэгдсэн усны шугамын ажлыг гүйцэтгэжээ. Ус цэвэршүүлэх үйлдвэрийн барилгад лаборатори, удирдлагын хэсэг, инженер техник, ажилчдын өрөө зэргийг цогц байдлаар шийдсэн байна.
Дулааны станцыг ажиллуулсан ч алдагдал ихтэй гэв
90 мBт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгыг нийт 17.9 сая ам долларын өртгөөр барьжээ. Мөн л хэрэглэгч байхгүйн улмаас ашиглаж эхлээгүй байна. Нийт гурван зуухтай бөгөөд нэг зуухыг ажиллуулахад хоногтоо багцаагаар 30 тонн нүүрс шатаах хэрэгтэй болдог талаар албаны хүн өгүүлсэн. Харин нүүрснээс гарсан  утааг 99.9 хувиар шүүж огт утаа гаргахгүй байдлаар шийдсэн нь технологийн хамгийн давуу тал аж. Замын-Үүд сумын хэмжээнд нийт 18 орчим   мBт-ын дулаан хэрэглэж үүнд жилдээ гурван тэрбум төгрөгийн орлого олдог бол дулааны станцыг ажиллуулсан тохиолдолд урьдчилсан тооцооллоор жилдээ 12 орчим тэрбум төгрөгийн зардал гарахаар байгаа бөгөөд өнөөгийн хэрэглээ энэ хөрөнгийг  төвлөрүүлэх боломж байхгүй талаар Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр хэлсэн. Тийм учраас одоог хүртэл дулааны станцыг орон нутаг хүлээж аваагүй байна.
Чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав
Чөлөөт бүсэд “Хэв хашмал” ХХК хоёр жилийн өмнөөс эхлэн гадаадаас импортоор оруулж ирдэг барилгын бетоны дам нуруу, хучилтыг цутгахад хэвийг тэгш байлгаж угсралт задрахаас хамгаалдаг “Тай” төмөр, дам нуруу, хана, багананд бэхлэгдсэн хэв болон трубаны даруулга төмөр түгжээ зэргийг үйлдвэрлэж эхэлжээ. Энэ хугацаанд тус компани нийт 40 гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 25 орчим сая төгрөгийн татвар төлсөн аж. УИХ-аар 2015 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуульд хилийн чанадаас импортолсон бүтээгдэхүүнд импортын гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй гэж заасан ч Монголын хууль эрх зүйн ойлгомжгүй байдлаас үүдэж гаалийн  15 хувийн татвар төлөх болчихоод буйгаа “Хэв хашмал” компанийн захирал Я.Лхагвасүрэн Шадар сайдад дуулгасан. Хуулийн дагуу Чөлөөт бүсэд аж ахуй нэгжүүд 30 хүртэлх хувийн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монголд үйлдвэрлэсэн хаяг, шошго зүүж зах зээлд борлуулах учиртай. Энэ шаардлагыг ч  тус компани хангажээ. Одоогоор чөлөөт бүсэд аж ахуй нэгжүүдээс 27 төсөл ирсэн бөгөөд ирэх оны хавраас үйлдвэр, үйлчилгээ, зочид буудал зэрэг цөөнгүй салбарт бүтээн байгуулалт өрнүүлэх  талаар Замын-Үүдийн Чөлөөт бүсийн захирагч И.Батнасан хэлсэн.
Хил, гаалийн татвар болон бусад үүсээд байгаа асуудлын талаар нэн түрүүнд судлах Ажлын хэсэг байгуулах, чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар анхаарч ажиллахаа Шадар сайд мэдэгдсэн. Мөн орон нутагт дулааны станцыг хариуцаж, тодорхой хэмжээний хөрөнгийг улсаас татаас маягаар өгөх талаар харилцан ярилцав. Тэрээр дараа нь Замын-Үүдийн Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны ажилтнуудтай уулзаж чөлөөт бүсийн ажлын явц, гарч буй хүндрэл бэрхшээл, санал хүсэлтийг сонссон. Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 19-нд БНХАУ-ын Эрээн хотын удирдлагууд, хил гаалийн ажилтнуудтай уулзах бөгөөд дараа нь Сайншанд суманд ажиллана. Шадар сайдын албан томилолтын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Замын-Үүдийн Чөлөөт бүсийн захирагч И.Батнасан, чөлөөт бүсийн алба хэлтсийн дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.
Х.Эрдэнэбулган
 
相关新闻