Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд тавих дотоод хяналт хангалтгүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-20 21:37:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд 2016 оны 10 дугаар сарын 1-нээс 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх байдлаар аудит хийсэн ба "өмнөх аудитаар илэрч байсан зөрчлүүд давтагдаж гарсан, холбогдох албан тушаалтнууд хуулийн хэрэгжилтэд тавих дотоод хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн" хэмээн дүгнэснийг сая танилцууллаа.

Аудитад төрийн өмчийн 174 байгууллагыг хамруулж, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг бүрэн мэдээлж байгаа эсэхийг шалгасан байна. Шалгалтаар тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1.-д заасан тухайн жилийн төсвийг зохих байгууллагуудын 38,5 хувь нь, Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөөг 66,7 хувь нь, худалдан авах төлөвлөгөөг 63,2 хувь нь тус тус мэдээлээгүй нь тогтоогджээ. Хуулийн 6.1.2-т заасан сарын төсвийн гүйцэтгэлийг мэдээлбэл зохих байгууллагуудын 31 хувь нь, 6.1.4-т заасан хагас жилийн санхүүгийн тайланг 75, жилийн эцсийн тайланг 65 байгууллага тус тус мэдээлээгүй байна.

Мөн 18 байгууллага хуульд заасан таван сая төгрөгөөс дээш үнэ бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой 6,7 тэрбум төгрөгийн 202 гүйлгээг мэдээлээгүй нь илэрчээ.

Аудитын дүнгээр аймгийн Засаг даргад орон нутгийн төсвийн харьяа 49 байгууллагад 17,3 тэрбум  төгрөгийн зөрчлийг арилгуулах, 33,8 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 23 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулах, улсын төсвийн 26 байгууллагад 26,3 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулах албан шаардлагыг тус тус хүргүүлсэн байна. 
 

Ө.Нурболат

相关新闻