ХХҮГ-аас “Цалинтай ээж” хөтөлбөрийн талаар мэдээллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-03 17:41:03
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар энэ сарын нэгнээс хэрэгжиж буй “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай” хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Уг хуулийн хүрээнд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, 0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхчүүд, ихэр хүүхэдтэй айлд тэтгэмж олгох бөгөөд үүнд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа гэлээ.
Иргэдийн бүртгэлийг багийн Засаг даргын ажлын албадад ажиллаж буй Халамжийн ажилтнуудаар дамжуулан авах гэнэ. Тодорхой шалгуур хангасан иргэдийн тэтгэмжийг энэ сарын 20-иос эхлэн олгоно. Бүртгэл жилийн турш үргэлжлэх бөгөөд тэтгэмжийг хүсэлт гаргасан сараас эхлэн олгох юм. 
Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал болгон 240 мянган төгрөг, ихэр хүүхдийн тэтгэмжийг улирал тутамд хүүхэд тус бүр сая төгрөг авах бөгөөд гурав буюу түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүрт гурван сая төгрөг олгоно. Мөн 0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхэд сар бүр 50 мянган төгрөгийн  тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгоно. 
 
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻