Баян-Өлгийд өвөлжилт хүндэрч эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ихэнх сумдаар өвөлжилт хүндэрч эхэлсэн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Он гарснаас хойш аймгийн хэмжээнд 732 толгой мал хорогдсон байна. Үүнээс Дэлүүнд сумд хамгийн олон буюу 467 толгой мал хөлдөж, осгож үхжээ. Өнгөрсөн сарын 31-ны өдрөөс энэ сарын сарын 6-ны өдрүүдэд Булган сумаас бусад нутгаар цас орж, агаарын температур шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, хөрсөндөө шөнөдөө -35...-40 градус хүрч эрс хүйтэрсэн нь малын хорогдол гарахад нөлөөлжээ.
Булган суманд өвөлжилт хэвийн, Сагсай сумын Даян баг, Улаанхус, Цэнгэл, Алтай, Дэлүүн сумын зарим газраар цагаанаар зудархуу, бусад нутгаар хараар зудархуу гэсэн үнэлгээ гарсан байна. Дээрх сумдад өнгөрсөн зун өвсний гарц муу байснаас өвөл малын бэлчээрлэлт ийнхүү хүндэрчээ.
Одоо Өлгий сумын төвөөр 2 см, Алтай, Сагсай сумдад 3 см, Баяннуур, Дэлүүн, Толбо, Улаанхус, Цэнгэл сумдад 1 см, уулаараа 5-30 см цастай байгаа аж.
Ойрын өдрүүдэд цас нэмж орж, салхины хурд ширүүсэж цасан шуурга шуурах ажиглагдсан тул өвөлжилт, хаваржилтын байдал улам хүндрэхээр байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.
Ө.Нурболат