Санхүүгийн боловсролтой иргэд олширсноор хүндрэлийг эрсдэл багатай давна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-09 16:02:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд санхүүгийн үйлчилгээтэй холбоотой мэдлэг мэдээлэлтэй болсноор аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн оновчтой шийдвэр гаргадаг. Эдийн засгийн хүндрэлээс гарах нэг хөшүүрэг нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх явдал гэдэгт Төвбанк өнгөрсөн онд төвлөрсөн юм. Тэгвэл Төвбанкнаас хэрэгжүүлсэн хувийн болон өрхийн санхүүгийн зөв дадлыг хэвшүүлэх зорилго бүхий  “Санхүүгийн боловсрол” аян өнөөдөр хаалтаа хийлээ.

Монголбанк өнгөрсөн оны 10 дугаар сарын 2-ноос 12 дугаар сарын 31-нийг хүртэл гурван сарын хугацаатай дээрх аяныг өнрүүлсэн юм. “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Төвбанк дээрх аяныг зарласан бөгөөд төсөв санхүүгийн төлөвлөлт, хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, санхүүгийн эрсдлээс хамгаалах, даатгал, тэтгэврийн хуримтлал үүсгэх гэх мэт санхүүгийн талаарх мэдээлэл өгөх сургалт, уулзалтыг нийслэл болон орон нутагт зохион байгуулжээ.

Аяны талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Эдийн засгийн бодлого бүхэлдээ хэрэглээнээс хуримтлалд суурилсан хэлбэрт шилжсэнээр эрсдлээс хамгаалах, хүндрэлийг дарамт багатай туулах юм. 2015 оны 10 дугаар сард Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ, Дэлхийн банктай хамтран Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг 2016-2021 он хүртэл хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь Дэлхийн банкны Санхүүгийн салбарт үнэлгээ өгөх баг манай улсад ажилласан юм. Тус баг Монгол Улсад санхүүгийн боловсрол сул байгаа нь эдийн засгийн хүндрэлийг үүсгэхэд нөлөөлж байна гэж дүгнэсэн. Тодруулбал Дэлхийн банкны судалгаагаар манай улсын хүн амын дийлэнх нь ямар нэг байдлаар санхүүгийн бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй, энгийн тооцон бодох үйлдлүүдийг сайтар мэддэг ч ирээдүйд хийх хөрөнгө оруулалт, хадгаламж зэрэг санхүүгийн шийдвэрийн талаар ойлголт багатай хэмээн гарсан. Улмаар банк болон хэрэглэгчдийн дунд маргаан их гарч буй нь санхүүгийн боловсролоос хамааралтай гэсэн зөвлөмж гаргасан. Тиймээс санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангах, санхүүгийн зах зээлийг тэлэхэд иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх нь чухал хэмээн дээрх хөтөлбөрийг Монголбанк санаачилан хэрэгжүүлсэн юм. Эл хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуус, ахмадууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гээд бүх насныханд зориулан санхүүгийн мэдлэг, ойлголтыг өгсөн гарын авлагууд хэвлэв. Мөн бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр боловсруулж дунд сургуулиудад сонгон хэлбэрээр  Бизнес судлал хичээлийг оруулаад багагүй хугацаа өнгөрлөө. БСШУС-ын яамнаас шийдвэр гаргавал дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох тусгай хичээл орж эхлэх юм. Өнөөдрийн байдлаар сонгон сурах хичээлээр явж байгаа бол цаашид заавал үзэх хичээлийн хөтөлбөрт оруулах боломжийг бид эрэлхийлж байна”гэв.

Дээрх аяны хүрээнд Төвбанк дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэж, улмаар энэ хүрээнд жил бүрийн 10 дугаар сарын 31-нд “Үндэсний хуримтлалын өдөр”-ийг тэмдэглэдэг болсон юм. Өнгөрсөн оны “Үндэсний хуримтлалын өдөр”-ийн хүрээнд бага сургуулийн хүүхдүүдэд зориулсан  хуримтлалын ач холбогдлыг тайлбарлах цуврал сургалтуудыг зохион байгуулав.

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг  манай улс хоёр жил хэрэгжүүлж буй бөгөөд Дэлхийн банкнаас “Монгол Улс олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр бодлогын түвшинд  ахиц, дэвшил гаргаж ажилласан” хэмээн онцолжээ.

Дашрамд дурдахад үр дүнтэй хэрэгжсэн дээрх хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон байна.
 
Б.Заяа
相关新闻