Орхон аймагт өвөлжилт хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-10 19:06:16
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн нутгаар өнгөрсөн оны 10-12 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, ахиу цас унаснаас аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 31-ний байдлаар  цасны зузаан 16-25 см, зарим хэсэгтээ 35-50 см хүрч, хөрлөж хатуурсны улмаас мал бэлчээрлэх боломжгүй цагаан зудын нөхцөл байдал үүсээд байгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Я.Тунгалаг аймгийн Онцгой комиссын хуралд танилцууллаа.
Мөн ирэх дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа гэнэ.
Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар цаг агаарын байдал болон өвөлжилтийн талаар хэлэлцэх үеэр аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий,”Аймгийн аюулгүйн нөөцөд байгаа өвсийг малчдад хуваарилах, Баян-Өндөр, Жаргалант сумдын аюулгүйн нөөцийн хөрөнгөөр өвс тэжээл авах хэрэгтэй” гэсэн юм. Үүний дагуу энэ сарын 10-аас  265 малчин өрхөд өвс, тэжээл өгөхөөр боллоо.  Энэ жил тус аймагт цас их орсны улмаас хотын ойролцоо өвөлжиж буй айлын үхэр, адуу хотын төвд бэлчих болсон тул ирэх жилээс ийм зөрчил гаргасан малчдад нөөцийн өвс өгөхгүй гэдгийг ч анхаарууллаа. Түүнчлэн зарим иргэн, аж ахуйн нэгж хувиараа өвс худалдаалж байгаа бөгөөд эдгээр нь малын гоц халдварт шүлхий өвчний голомттой бүс нутгаас ирсэн байж болох тул үүн дээр холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулж ажиллахыг Засаг дарга  үүрэг болголоо.
 Б.Оюун-Эрдэнэ 
 
 

相关新闻