Засгийн газрыг огцрохыг шаардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-19 17:41:52

"Монголд бид үйлдвэрлэв" ТББ болон "Эксклюзив" ХХК-иас Шийдлийн Засгийн газрыг огцрохыг шаардлаа.

Шаардлагад, “Эх орныхоо баялагаар дэнчин тавьж босгосон Чингис бондын зарцуулалтыг ил болгох, сонгуулийн шоунд мөнгө бэлтгэх санаатай энд тэндээс гуйлга гуйж өр тавихаа зогсоо, үүнийг бидний үр хүүхэд төлнө, олон тэрбумаар нь мөнгө сорсон чөлөөт бүсүүдээ цэгцлэ” гэжээ.

"Эксклюзив" ХХК-ийн захирал Г.Майцэцэг ярихдаа,“Манай компанийн үнэгүй хувцас тараах ажиллагаа  татварын буруу бодлогыг эсэргүүцсэн тэмцэл байсан. Энэ нь нэг компанийн асуудал биш бизнесийхэнд тулгардаг асуудал. Олон нийтэд асуудлыг шийдсэн мэт харагдуулсан  Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байна. Манай компани Чингис бондоос оёдлын үйлдвэр, тоног төхөөрөмжийг шинэчлэх зориулалтаар 750 сая төгрөг авахын тулд барьцаа хөрөнгөд 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө тавьсан байх жишээтэй. Ингэж хэн хичнээн төгрөг ямар зорилгоор юу барьцаалсныг Монголын ард түмэнд ил болгохыг шаардаж байна. Ингэснээр 2017 онд өр төлөх эзэд, аж ахуйн нэгжүүд илж болно. Үр дүнгүй зарцуулсан төслүүдийн эзэд ил болно. Манай компани 2009 оноос эхлэн хөнгөн үйлдвэрийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд ажил мэргэжлийн хувцасны салбарт шинэчлэл хийж 80 гаруй компанитай хамтран ажилласан. Байгуулагдсан цагаасаа эхлэн хариу нэхэлгүй бид бусдыг дэмжиж ирсэн. 4 настай хүүхэд эцгийнхээ гарт хөнөөгдөхөд тэмцэл хийсэн ээжүүдэд дулаан малгай тарааж байлаа. Ард түмний амлалт нэхэх холбоо өлсгөлөн зарлахад оёсон дулаан курткуудыг өгч байсан. Ноён уулаа аваръя гээд гадаа хүйтэнд өлсгөлөн зарласан залууст зориулан матрас хийж өгч байсан гээд олон зүйлийг хэлж болно. Өнөөдөр оёдлын машины ард  өглөөнөөс орой хүртэл юм оёхдоо нийгэмд болж байгаа зүйлээс хол байлаа. Олон хүнийг ажил, амьдралтай байлгахын төлөө ажилласныг мушгиж янз бүрээр бичиж хардаж байгаад харамсаж байна” гэлээ.

Б.Заяа

相关新闻