Баян-Өлгийд барааны үнэ 4,9 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт бараа, үйлчилгээний ерөнхий индекс 2016 оны жилийн эцэстэй харьцуулахад 4,9 хувиар өссөн талаар аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан эдийн засаг, нийгмийн байдлын танилцуулгад дурджээ.
Барааны бүлгээр харьцуулахад хүнсний бараа, согтууруулах бус ундааны төрөл 9.8 хувиар, хувцас, бөс бараа, гутал 3.5 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 9.4 хувиар, тээвэр 10.3 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 22.4 хувиар тус тус өссөн байна. Мөн энэ хугацаанд хонины махны үнэ 14.2 хувиар, үхрийн ястай мах 20.1 хувиар, ямааны ястай мах 12.7 хувиар, шингэн сүү 8.7 хувиар тус тус нэмэгджээ.
Үнийн өсөлтөд өнгөрсөн жил төгрөгийн ханш зургаа орчим хувиар суларч, инфляцын түвшин өссөн, ОХУ-аас гурил импортлох зөвшөөрөл олгохыг зогсоосон, шатахууны үнэ 3,9-4,3 хувиар өссөн зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг албаны эх сурвалж тайлбарлаж байна.
Ө.Нурболат