"Чио Чио Сан" дуурийг амралтын өдрүүдэд тоглож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Чио чио сан” дуурийг хоёр өдөр дараалан толилуулж байна.
“Эрвээхэй хатан” буюу Чио Чио Сан япон бүсгүйн гайхамшигт дүрийг гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг болон залуу дуучин Б.Энхнаран нар бүтээв.
Дорнын үзэсгэлэнт бүсгүйн хашийн тунгалаг царай эрвээхэй хоёр нүдэнд сэтгэл алдан хөтлөгдөх Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч хоёрын хайр дурлалын гунигт бөгөөд хатан зоригт бүсгүйн түүхийг энэхүү дуурьт өгүүлдэг.
“Чио Чио Сан” дуурийг анх 1904 онд Италийн Милан хотод тоглож байжээ. Харин Монголын тайзнаа анх 1967 оны дөрөвдүгээр сард Д.Лхасүрэн найруулж, Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар удирдан үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй. Одоо энэхүү дуурийг 51 дэх жилдээ тавьж буй юм.
Ж.Батсайхан