Ерөнхий сайд АСЕМ-ын талаар мэдээлэл хийхээ хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-11-20 13:29:39

АСЕМ-ын дээд түвшний чуулганы бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Хоёр долоо хоногийн баасан гараг бүр чуулганы нэгдсэн хуралдаанд хийдэг мэдээллийн цагаараа өнөөдөр Ерөнхий сайд АСЕМ-ын дээд түвшний чуулганы бэлтгэл ажлын талаар гишүүдэд мэдээлэл хийх байсан ч хойшлов.  

Ирэх 2016 онд Монгол Улсад зохион байгуулах АСЕМ-ын дээд түвшний чуулганы бэлтгэл ажил ид өрнөж, АСЕМ-ын Үндэсний хороо болон олон салбар ажлын хэсгүүд байгуулагдан, хэд хэдэн шийдвэр гарган ажиллаж байгаа. Уг чуулганыг зохион байгуулахтай холбогдуулан улсын төсөвт 2015 онд 5 тэрбум, 2016 оны төсөвт 21 тэрбум суулгасан. Эдгээр нь зөвхөн чуулганд бус дагалдах 10 хуралд мөн зориулагдаж байгаа юм.

Чуулганы зохион байгуулалттай холбоотой санал хүсэлт гадаадын төлөөлөгчдөөс ирж байгаагийн дийлэнх нь аюулгүй байдлын талаар байгаа аж. Тиймээс ажлын хэсгүүд аюулгүй байдлыг хангах талаар олон талын арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Дашрамд дурдахад, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Данийн Люксембург хотноо оролцоод иржээ. Тэрбээр АСЕМ-ын талаар Монгол Улсын баримталж буй байр суурь, дээд түвшний уулзалтын тов, бусад бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн байна. Ингэхдээ АСЕМ-ын онцлог хэлбэр чиглэлийг Монгол Улс хэвээр хадгална хэмээн байр сууриа илэрхийлжээ.

53 улсын Гадаад хэргийн сайд нарын оролцсон тус уулзалтаар АСЕМ-ын бүхий л уулзалт арга хэмжээний зохион байгуулалтыг ярилцаж, уялдаа холбоо зохицуулалт хийдэг. Уулзалтын үеэр мөн Монголын соёлыг таниулах арга хэмжээ зохион байгуулсан байна.

Н.Гантуяа

 

 

 

相关新闻