Этник поп “Дуутай хууртай нутаг усныхан минь” цомог мэндэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2018-01-25 17:16:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Этник поп чиглэлээр уран бүтээлээ туурвиж, урлагийн тайзнаа шинээр хөл тавьж буй “Дуурьсал” хамтлагийн тайлангийн төгсөлт болоод цомгийн нээлт өнөөдөр Дундговь аймагт болж өндөрлөлөө.

“Дуутай хууртай нутаг усныхан” төслийн хүрээнд шинэ цомгоо гаргаж, уг цомогт 13 бүтээлээ багтаажээ. Төслийг “Дундговь Урлаг сан”-гийн тэргүүн, хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр удирдсан байна. Дундговь аймгийн Нутгийн удирдлагын ордонд болсон цомгийн нээлтэд нутгийн иргэд, уран бүтээлчид оролцож шинэ хамтлагийн уран бүтээлийг сонсож, танилцжээ. Мөн цомгийн нээлтийн үеэр уран бүтээлчид урлагийн үйлдвэрлэлд хэрхэн яаж инноваци хийж болохыг энэхүү төслийн хүрээнд харуулахыг зорьсон нь том дэвшил болсон хэмээн онцлов.

“Дуутай хууртай нутаг усныхан минь” нэртэй дээрх цомогт бүтээл нь орсон хөгжмийн зохиолч, яруу найрагчдын төлөөлөл нийслэл хотоос хүрэлцэн ирсэн бөгөөд Тухайлбал хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашням, яруу найрагч А.Лхагва, П.Нямлхагва, О.Гончигсүрэн зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна. Энэ цомогт өвөрмөц содон аялгуугаар хийгдсэн “Дундговийн магтаал”-аас гадна “Хоёр бор”, “Сэрүүн сайхан хангай” уртын дууг боржигон, төв халх аялгуугаар дуулсан нь уран бүтээлчдийн дунд өндөр үнэлгээ авчээ.

Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат, Г.Төвшинтөр нар шинэ хамтлагийн авъяас чадварыг үнэлж, дууны хөгжмийг зохиож өгчээ. “Дуутай хууртай нутаг усныхан минь” цомгийн дуу бичлэгийг “Анир”, “Namuun”, “Color music” зэрэг студид мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.
Н.Туяа
相关新闻