Монгол Улсаа мөнх оршихыг бэлгэдсэн Богд хааны даалинг 16 дахин томсгон урлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн өчигдөр буюу энэ сарын 26-нд Богд хааны ордон музейд нээгдлээ.
Тус үзэсгэлэн нь хоёр дахь жилдээ болж байгаа юм. Өнгөрсөн жил “Хатгамал урлагийн гайхамшиг” нэртэй дэлгэгдсэн бол энэ жил “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” нэртэй болжээ. Үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлчийн 100 гаруй бүтээлийг дэлгэн тавьсан байна. Үзэсгэлэнд Богд хааны ордон музейн ховор нандин үзмэрүүд болон тэдгээрийг дууриаж урласан бүтээлүүд төдийгүй өнөө цагийн уран хатгамалчдын бүтээлийг дэлгэжээ.
Дондогдулам хатны тоорцог, хантааз зэргийн эх загварыг нь дуурайлган бүтээжээ. Уран хатгамалчдын энэ жилийн үзэсгэлэнд алт, мөнгөн утас дарж оёсон бүтээлүүдээ алтан сан хөмрөгөөсөө гарган үзүүлж байгаагаараа онцлог байв. Тухайлбал, монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа өөрсдөө шинээр зохион бүтээж, хэрэглэх болсон фүс тэмдэг бүхий Богдын ёст хүрэм тавигдсан байв. Богд хааны хувцас хэрэглэлд нийт дөрвөн төрлийн фүс тэмдэг хадахаар хуульчилсан байдаг байна. Энгэрт нь найман хэгээст алтан хорол, баруун мөрөнд нь соёмбо үсгээр нар гэж бичсэн фүс , зүүн мөрөнд нь соёмбо үсгээр сар гэсэн бичигтэй фүс, ар нурууны хэсэгт төрийн сүлд хатгажээ. Монгол уран хатгамлын олон төрөл шингэсэн уран нарийн хийцтэй дээлний гадуур өмсдөг уг ёст хүрэм нь үнэхээр хосгүй бүтээл юм.
Монголын уран үйлч бүсгүйчүүд Богд хааны хэрэглэж байсан уран нарийн хийцтэй даалингийн эх загварыг дуурайлган, 16 дахин томсгон /225х85 см/ Хүндэтгэлийн даалинг урласан байна. Гиннесийн номонд бүртгүүлэхээр өнгөрсөн жил анхны учгаа хатгаж эхэлсэн бөгөөд өдгөө уг даалингаа үзэсгэлэнгийн хойморт залжээ. Монголын төр шашны хэргийг хослон баригч VIII Богд хааны эдлэл болох Монгол Улс мөнх орших, үеийн үед өөдлөн хөгжиж, мандан бадарч, хүн ард нь амар амгалан, аз жаргалаар бялхан байх төгс бэлгэдэл бүхий даалинг 16 дахин томруулж, 5-9 дагнаасаар зүү ороож, 3 янзын загасан нуруу хатгаж, зоос ширээний 3 давхар сүлжмэлээр чимэглэн урласан олон шинэ урлалыг шигээсэн даалин гэж тайлбарт бичжээ. Уг хүндэтгэлийн даалингийн эх загвар нь луун хээтэй, бор шар өнгөтэй, улаан торгоор эмжиж, шар цагаан туузаар давхар бэхэлсэн, хөх саарал зузаан даавуугаар хоёр буланг нь бэхэлсэн хийцтэй, монгол хээ угалз, зүү ороох оёдлын уран тансагийг харуулсан байдаг.
Үзэсгэлэнд Өмнөговийн Буд хэмээх уран үйлчингийн урласан Бурхан багш, Ногоон дарь эх, мөн “Өүлэн эх” зээгт наамал /345х180 см/, Дөхөм урлангийн үйлчин Д.Цэцгээгийн урласан “Хөдрөг бэр цэцэг” зэрэг өв соёлоо дээдэлсэн үе болон өв соёлоо орчин үетэй хослуулж хэрэг болгохыг зорьсон гэсэн 2 хэсгээс бүрджээ.
“Гайхамшигт өв соёл - Монгол уран хатгамал” үзэсгэлэн энэ жилээс эхлэн “Хаан бүтээл”, Хатан бүтээл” шалгаруулах юм. Шилдэг бүтээлүүдийг энэ сарын 30-ны өдөр тодруулах бөгөөд үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл олон түмэнд толилуулах юм.
Д.Өлзий