М.Нурболат: Хоббигоороо ажил хийж амьдрах том аз жаргал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-30 09:38:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Гэрэл зураг бол орчин цагт гайхамшигт урлагийн хэмжээнд хөгжөөд байгаа билээ. Ялангуяа гэрэл зурагчны мэдрэмжтэй, зохиомжтой авсан амьдралын агшингууд нүд, сэтгэлийг баясгахын зэрэгцээ бодлын мянган хэлхээсийг зүрхний чанадад хөвүүлэх юм. Бид энэхүү урлагаар хичээллэж буй залуу гэрэл зурагчин Мусабайн Нурболаттай яриа өрнүүлсэн бөгөөд энэхүү ярилцлагыг та бүхний сонорт хүргэж байна.

- Хэзээнээс эхэлж гэрэл зургийн хоббитой болсон вэ?
 
- Миний бие 2010 онд "Агайын фото" нэртэй гэрэл зургийн студи байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм. Анх голдуу хуримын болон гэр бүлийн зураг авдаг байлаа.
 
- Өнөөдрийг хүртэл хичнээл гэр бүлийн болон хуримын зураг авсан вэ?
 
- Хүмүүсийн аз жаргалтай, баяр баясгалантай мөчийг хуваалцан гэрэл зурганд буулгаж мөнхлөх гэдэг сайхан л даа. Өдий хүртэл шинээр гэр бүл мянга гаруй болсон залуу хосуудын зураг, 500 гаруй гэр бүлийн зураг авсан байгаа.
 
- Байгалийн болон хөрөг зургуудыг хэзээнээс авч эхэлсэн вэ?
 
- 2014 оноос энэ чиглэлээр ажиллаж байгаа. Гэрэл зураг бол миний амьдралын гол утга учир болон хувирсан. Хоббигоороо ажил хийж амьдарна гэдэг чинь том аз жаргал гэдийг мэдэрсэн.
 
- Таны зүрх сэтгэлд хоногшин үлдсэн ямар дурсамжтай зургууд байдаг вэ?
 
- Миний хувьд авсан бүх зургууд маань дурсамжтай л даа. Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эртний түүхэн дурсгалууд, байгалийн үзэсгэлэнт газрууд үнэхээрийн сэтгэл татам гайхамшигтай. Энэ бүгдийг үзэж, мэдэрч  хальсандаа  буулгах бүрт сэтгэл хангалуун сайхан байдаг. Ийм сайхан үзэсгэлэнтэй байгаль, ан амьтан, нүүдэлчдийн өв соёлыг хальсандаа буулгах гэж жилд  гадаадын  хэдэн мянган зурагчид манай улсыг зорьдог. Гэхдээ бид дотор нь сууж байж энэ бүгдийн үнэ цэнийг ойлгохгүй, хайрлан хамгаалахгүй байгаад заримдаа сэтгэл эмзэглэх юм.  
 
- Цаашдын зорилго юу вэ?
 
- Миний  зорилго гэрэл зургаар Монголын үзэсгэлэнтэй байгалийг олон нийтэд таниулан сурталчилж, Бидний аж амьдралын өнөөгийн байдлыг түүхэн хуудаснаа хамт  бичилцэх юм. Аймгийн бүх сумуудыг тойрон зураг авч дуусч байгаа. Ойрын жилд болох аймгийнхаа  80 жилийн ойн баяраар зургийн цомог хэвлүүлэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж ажиллаж байна. 
 

Ө.Нурболат

相关新闻