"Цэвэр агаар-Идэвхтэй хөдөлгөөн" өдөрлөг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас холбогдох байгууллагуудтай хамтран "Цэвэр агаар-Идэвхтэй хөдөлгөөн" бүх нийтийн өдөрлөгийг энэ сарын 3-ны өдөр Толбо нуурын мөсөн дээр зохион байгууллаа.
Өдөрлөгт аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан албан хаагчид, ард иргэдийн төлөөлөл болж 1200 орчим хүн оролцлоо. Энэ үеэр өсвөр үе, насанд хүрэгчдийн ангиллаар тэшүүр, мөсний сумо, олс таталт, мөсний шагайн тэмцээнүүд явагдаж, эхний байрт шалгарсан оролцогчдыг шагнаж урамшууллаа.
Уг арга хэмжээ нь албан байгууллагууд болон аж ахуйн нэгжүүд, ард иргэдийг чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, олон нийтэд өвлийн спортын төрлүүдээр хичээллэх сонирхол төрүүлэх зорилготой юм. "Цэвэр агаар-Идэвхтэй хөдөлгөөн" бүх нийтийн өдөрлөгийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.
Ө.Нурболат