“Spring Golden Eagle Festival”-д Баян-Өлгийгөөс 22 бүргэдчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-26 20:25:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулах “Spring Golden Eagle Festival”-д Баян-Өлгий аймгаас 22 бүргэдчин оролцохоор болжээ.

Арга хэмжээнд оролцох Баян-Өлгий аймгийн бүргэдчдийг энэ удаад онгоцоор хүргэх аж. Зохион байгуулалтын арга хэмжээнд нийтдээ 20-иод сая төгрөг зарцуулах ба шаардагдах зардлуудыг орон нутгаас гаргахаар болжээ.

Энэ жил 11 дэх удаагаа явагдах "Бүргэдийн баяр"-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийслэлийн Байгаль орчин,  аялал жуулчлалын газар, Монголын Бүргэдчдийн Холбоо зэрэг байгууллагууд хамран зохион байгуулж байна.

Тус баяр нь Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол орноо болон Монголын казах иргэдийн бүргэдээр ан хийх соёлыг сурталчлан таниулах зорилготой юм.

Дашрамд дурдахад, "Бүргэдийн баяр"-ыг жил бүрийн гуравдугаар сард Улаанбаатар хотод, аравдугаар сард Баян-Өлгий аймагт албан ёсоор зохион байгуулдаг ба өнгөрсөн жилийн нийслэлд болсон арга хэмжээг гадаад, дотоодын хоёр мянга орчим хүн үзэж сонирхсон юм. 
 

Ө.Нурболат

相关新闻