Иргэдийн саналын дагуу 40 ажил хэрэгжүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-02 08:07:19
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Нийтийн тээврийн үйлчилгээ болон хүртээмжийг сайжруулах, Орхон аймгийн нутаг дэвсгэр болон ойролцоо ургадаг мансууруулах төрлийн ургамлыг устгах, гудамжны гэрэлтүүлгийг тогтмол асааж байх зэрэг 900 гаруй саналыг иргэд аймгийн Засаг даргатай уулзах үеэр хэлжээ. Иймд иргэдийн саналыг нэгтгэж 40 ажил хэрэгжүүлэхээр болсон байна.
Үүнд гэр хороолол дахь камержуулалтыг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, сургуулийн автобусыг алслагдсан багийн эцсийн буудал хүртэл явуулах, худаг нэмж гаргах, машин явахад хүндрэлтэй байгаа зарим хэсгийг засварлахаар боллоо. Уг төлөвлөгөөг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал сэтгүүлчдэд танилцуулж хэрэгжилтэнд хяналт тавьж шуурхай ажиллана гэдгээ хэллээ.
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нэгдүгээр сарын тавнаас хоёрдугаар сарын долоон хүртэл төрийн албан хаагч болон иргэдтэй нийт 21 удаа уулзаж шууд газар дээр нь зарим асуудлыг шийдвэрлэж байсан юм. Үүнд сургууль, цэцэрлэгийн сантехник, халаалт, зарим тоног төхөөрөмж, дээвэр засвар зэрэг нэн шаардлагатай хийх 38 ажилд 500 орчим сая төгрөгийг  шийдвэрлэжээ.
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻