"Мөрдөстэй бүсгүйчүүд-2018" арга хэмжээ зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ. Олон Улсын "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, хилийн цэргийн 0165 дугаар анги, аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран тус аймаг дахь төрийн цэргийн байгууллагуудын эмэгтэй офицер, ахлагч нарын дунд “Мөрдөстэй бүсгүйчүүд-2018” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд зэвсэгт хүчний 340, 331 дугаар анги болон 116 дугаар тусгай салбар, хилийн цэргийн 0165, 0285 дугаар анги, аймгийн цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагуудын арав гаруй бүсгүй оролцож мэндчилгээ, урлагийн үзүүлбэр, гоёмсог даашинз, үсний засалт, тайзны соёл, жүжигчилсэн тоглолт зэрэг үзүүлэлтүүдээр авьяас, чадвараа сорин өрсөлдлөө.
Шүүгчдийн шийдвэрээр хилийн цэргийн 0165 дугаар ангийн ахлагч Т.Туул "Төгөс төгөлдөр бүсгүй", Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн дэслэгч Б.Оксана "Гоо үзэсгэлэнтэй бүсгүй", Цагдаагийн газрын ахмад М.Анаргүл "Дэгжин бүсгүй"-гээр тус тус шалгарлаа.
“Мөрдөстэй бүсгүйчүүд-2018” арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Ш.Хавал нар оролцож, эрчүүдтэй мөр зэрэгцэн эх орноо батлан хамгаалах, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах ариун үйлсэд зүтгэж яваа мөрдөстэй бүсгүйчүүдэд мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүслээ.
Ө.Нурболат