Өлгий-Алматы чиглэлд том оврын автобусаар зорчигч тээвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-07 12:15:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос Бүгд Найрамдах Казахстан Улсын Талдыкорган, Алматы хотын чиглэлд том оврын автобусаар энэ сарын 28-ны өдрөөс эхлэн сард хоёр удаа зорчигч тээвэрлэж эхлэхээр болжээ.
  
Зорчигч тээвэрлэх ажлыг Казахстаны хувийн хэвшлийн автобуснууд гүйцэтгэх аж. 

Харин уг асуудлаар Авто тээврийн үндэсний төвийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга Т.Сайдолоос тодруулахад: "Алматы чиглэлд автобус явуулах төлөвлөгөө байгаа. Гэхдээ Казахстаны талтай албан ёсоор хараахан ярилцаж тохироогүй. Дээрх автобусны хувьд бол хувь хүмүүсийн хийж байгаа ажил байх. Манай байгууллагатай гэрээ хийсэн асуудал байхгүй" гэлээ.  

Дашрамд хэлэхэд 2014 оноос Баян-Өлгий аймгаас Казахстан Улсын Павлодар, Астана, Караганды хотын чиглэлд Монголын "Цэнгэл транс", Казахстаны "АБИ" компаниуд олон улсын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Ө.Нурболат
相关新闻