Кёкүшюзан Д.Батбаярын эхнэртээ зориулсан хайрын шүлгийн уралдааныг Л.Ганзул тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2018-03-07 15:33:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаярын гэргийдээ зориулсан хайрын шүлгийн уралдааны ялагчид тодорлоо. 

Тэрбээр гэгээн Валентины өдрийг угтан гэргий МУГЖ Т.Баясгаландаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг сошиал орчинд зарласан билээ. Уралдааны дүнг хоёрдугаар сарын 14-ны өдөр тодруулах ёстой байсан ч оролцогчдын зүгээс уралдааны хугацааг сунгаж өгөх хүсэлт олноор ирүүлсэн тул ялагчдыг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өнөөдөр тодруулж буй аж.
Хайрын шүлгийн уралдаанд 1000 гаруй оролцогч шүлгээ ирүүлсэн бөгөөд 400 шүлгийг түүвэрлэн “Ханьдаа” хэмээх ном болгон хэвлүүлжээ. Уралдааны шүүгчдээр Төрийн соёрхолт, "Болор цом"-ын эзэн, нэрт яруу найрагч Ц.Бавуудорж, Н.Гантулга, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, МУСГЗ Г.Эрхэмбаяр нар ажиллаж нийт 9 хүнийг ялагчаар тодруулсан байна.




Тэргүүн байрт яруу найрагч Л.Ганзул “Гэргий гэгээ” шүлэг тодорч Япон улсад зорчиж, сүмо үзэх тасалбараар шагнуулсан бол хоёрдугаар байрт яруу найрагч Л.Түмэнжаргалын “Бурхны цэцэг” шүлэг шалгарч IPhone X гар утас, гуравдугаар байрт Ш.Бадамын “Хайрт хань Мөнхбатдаа" шүлэг шалгарч Samsung Galaxy G7 гар утсаар тус тус шагнууллаа. Тусгай байрт Д.Дашдондов “Чамдаа дэндүү хайртай”, Б.Болдсүх “Ямхан зайгүй”, С.Шүрэнцэцэг “Хайрын орчлон”, Б.Баттулга “Зөнгөөр учирсан хайр”, Э.Бум-Эрдэнийн "Таталбар шүлэг", Х.Мөрөнгийн "Гэгээвчний чинь дор" гэсэн нийт зургаан шүлэг шалгарч, Моnel 32 инчийн өнгөт зурагтаар шагнуулсан юм.

Кёкүшюзан Д.Батбаяр “Японд байхдаа би эхнэртээ зориулж нэг шүлэг бичиж, түүнийгээ фэйсбүүк-тээ нийтэлсэн юм. Олон ч хүнээс магтаал бас шүүмжлэл ирсэн учраас шүлгийг минь засч өгөхийг хүсч, хамгийн сайн зассаныг нь Японд сумо үзэх эрхээр шагнах болсон. Эхэндээ ийм өргөн цар хүрээг хамарна гэж огт бодоогүй. 20-30 шүлэг л ирэх байх гэж бодож байлаа. Гэтэл ийм их хүн оролцож, олон шүлэг ирсэн учир яруу найрагчдаар шүүлгэх болж, шүлгийн ном ч хэвлүүллээ. Энэ номыг би эхнэртээ Мартын 8-нд төрсөн өдрөөрөө бэлэглэнэ. 1000 сарнай биш 1000 шүлгээр эхнэртээ бэлэг барьсандаа баяртай байна” гэсэн юм. Уралдаанд ирүүлсэн шилдэг шүлгүүдээс дуу ч зохиолгох бодолтой байгаагаа тэрбээр мөн хэллээ.



МУГЖ, дуучин М.Баясгалан "Ханийн минь зохион байгуулсан уралдаанд хүмүүс их идэвхтэй оролцож 3000 гаруй шүлэг ирүүлсэнд үнэхээр их баяртай байна. Ер нь бол хүмүүсийн яриаг сонсож байхад сайхан дуу болохоор сайн шүлэг олон байгаа юм билээ. Өнөөдөр ямар ч байсан миний ханийн санаачилж, надад зориулсан уралдааны дүн гарч их сайхан өндөрлөж байна. Үнэхээр ханьдаа маш их баярлаж байна. Үүнээс илүү эрхэм сайхан бэлэг гэж юу байх вэ" хэмээсэн юм.

Шүүгчдийн зүгээс "Нийгэм, сошиал орчинд хар бараан мэдээлэл, сөрөг сэтгэгдлүүд ихээр хөврөх болсон энэ цаг үед ийм гэгээлэг, хүний сэтгэлийн утсыг хөндсөн үйл явдал тохиож байгаад баяртай байна. Тиймээс ч энэхүү уралдааны шүүгчдээр ажиллах болсон" гэдгийг онцолж байв.

Тэргүүн байрын шагнал хүртсэн Яруу найрагч Л.Ганзулын шүлэг

Гэргийн гэгээ

Дэргээд өнгөрдөг өдөр хоногуудад
Дэргэд гийсэн энхрийхэн минь дээ
Дэлхийн саран үзэсгэлэн гоо ч
Гэргийн гэгээтэй яахан дүйх вэ
Хатираад оддог хоног саруудад
Хажууд мандсан танхилхан минь дээ
Хаан тэнгэрийн наран илчтэй ч
Хайрын дэргэд юухан ч билээ дээ
Галигуулж холддог улирал жилүүдийг
Хамтдаа элээсэн гэгээн тавилан минь дээ
Гараг одод нь тэнгэрийн тэртээд дээ
Харин чи минь миний л зүрхэнд дээ
Дахилт:
Сэтгэлийн тэнгэрээс зөөлсөн асгарсан
Энэрлийн цагаан бороо гэж боддог доо, чамайгаа
Итгэлийн энгэрийг түшиж нялхарсан
Ээлтэй цагийн цэцэг гэж хайрладаг даа, чамайгаа
2018.02.02 Улаанбаатар хот.
 
Н.Туяа
相关新闻