Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах талаар хэлэлцүүлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-16 10:24:19
Архангай /МОНЦАМЭ/. “Хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах орон нутгийн үйл ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг Архангай аймаг дахь хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүр хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэгч хүүхдийн судалгааг хийдэг байна. Архангай аймгийн хэмжээнд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаагийн 97 хувь нь хурдан морь унадаг хүүхэд, 3 хувь нь хөдөө аж ахуйн салбар, зам, барилгын ажил хийдэг гэж гарчээ. Энэ чиглэлээр тус байгууллага олон жил нөлөөллийн ажил хийж байж өнөөдөр хурдан морь унаач хүүхэд бүрэн хамгаалах хувцас малгай өмсөж, даатгалд бүрэн хамрагдаж морь унаж хэвшсэн байгаа юм.

Энэ чиглэлээр байгууллага бүр дээр тус тусын үйл ажиллагаа явуулахаар гарах үр дүнд хүрэхгүй байгааг онцлоод хэлэлцүүлгийн үр дүнд төр, төрийн бус байгууллагууд хамтран “Хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” арга хэмжээг зохион байгуулж дуу хоолойгоо нэгтгэн, шийдвэр гаргах түвшинд хүргэж ажиллахаар боллоо. Мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг” механизмын талаарх орон нутгийн иргэд, төр, төрийн бус байгууллагын ажилтан нарын мэдлэг мэдээллийг түгээх, аймгийн хэмжээнд сум, баг, нэгжээс тэвчишгүй хөдөлмөр эрхлэгч хүүхдийн судалгааг нарийн гаргах, түүн дээр үндэслэн цаашид авах арга хэмжээг зохион байгуулах, нөлөөллийн ажлыг зорилтод түвшин бүрт зориулан хийх,  уриалга, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, бодлогын түвшинд тушаал шийдвэрээ нэг мөр болгох шаардлагатай байгааг энэ хэлэлцүүлгээс гаргасан юм. 
Б.Гэрэлт-Од
相关新闻