Бичгийн цаас, принтерийн хор, блокыг ногоон худалдан авалтад шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМСангийн яам, БОНХАЖЯ болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой худалдан авах ажиллагаа болон ногоон байгууламж” төслийн хүрээнд “Засгийн газрын тогтвортой худалдан авах ажиллагааг Монгол улсад хэрэгжүүлэх нь” сэдэвт үндэсний хэмжээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
“Тогтвортой худалдан авах ажиллагаа болон ногоон байгууламж” төслийн хүрээнд Засгийн газрын худалдан авалтад эзэлж буй голлох бүтээгдэхүүнийг байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнээр орлуулах боломж, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийж байгаа аж. Судалгааны дүнд тулгуурлан төв болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн буюу ногоон худалдан авалт хийх чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах, ногоон худалдан авалтын талаар олон нийтэд сурталчилан таниулах ажил зохион байгуулах зорилго тавин ажиллаж байгаа аж.
Өнөөдрийн хурлаар дээрх төслийн хүрээнд хийсэн судалгааны явцын талаар танилцуулж байна. Судалгаагаар А4 бичгийн цаас, принтерийн хор, блокыг ногоон худалдан авалтад шилжүүлж болно гэсэн дүн гарсан талаар “Тогтвортой худалдан авах ажиллагаа болон ногоон байгууламж” төслийн зөвлөх Д.Баямбасүрэн ярилаа.
Тэрбээр, А4 бичгийн цаас болон принтерийн гол хэрэглэгч бол төр юм. Тиймээс бичгийн цаас худалдан авахдаа байгаль орчинд ээлтэй байх, нийгэм эдийн засагт үр өгөөжтэй байх гэсэн шалгуураар худалдан авах ёстой. Ингэхдээ дахин боловсруулсан эсхүл зориулалтын таримал модоор үйлдвэрлэсэн цаас худалдан авах нь “ногоон” гэх тодорхойлолттой нийцэх юм. Харин байгальд ургасан модоор хийсэн цаас бол ногоон худалдан авалтад нийцэхгүй. Мод бол агаар, усыг тэтгэж байдаг гол тулгуур тул байгальд ургасан модоор цаас үйлдвэрлэх нь ногоон худалдан авалттай харшилдах юм. Манайд одоогоор цаасны үйлдвэр байхгүй тул ихэвчлэн БНХАУ-аас оруулж ирдэг. Өөр улсаас оруулж ирдэг тул байгальд орчинд сөргөөр нөлөөлөх нь бидэнд хамаагүй мэтээр үзэж болохгүй. Бид нэг дэлхийд аж төрж байгаа тул эх гаригаа хамгаалах ёстой юм” хэмээв.
Судалгааны дүн эцэслэн гараагүй байгаа бөгөөд цаашдаа бусад төрлийн бааа, бүтээгдэхүүнийг ногоон худалдан авалтад шилжүүлэх бүхий л боломжийг судлан, Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр төлөвлөж байгааг Д.Бямбасүрэн зөвлөх хэлсэн юм.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ