“Чингис хаан” бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног гадаадын 9 улсад гаргахаар төлөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-29 13:08:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол үндэстний бахархал итгэл үнэмшлийг сэрээх, Их эзэн Чингис хааны суу алдрыг бадраах, түүх, өв соёлыг даян дэлхийд таниулах зорилгоор “Ocean Pictures” студийн бүтээсэн “Чингис хаан” бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино энэ сарын 31-нд Монгол Улсын бүх кино театруудад нээлтээ хийнэ.

Энэ талаар өнөөдөр уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад гадаадын хүүхэлдэйн кино, анимэйшн олноор гарах болсон нь эх орны ирээдүй болсон хүүхэд, залуус гадаадын соёлын нөлөөнд автах болсон. Тиймээс Монголын түүх, соёл, үндэсний үзлийг агуулсан бүтээл туурвих зорилго тавьсан гэдгийг киноны ерөнхий найруулагч Б.Тэнгис хэллээ.
Кино бүтээхэд нийт 8 жил зарцуулсан бөгөөд эхний хоёр жилд Их эзэн Чингис хааны төрсөн нутаг буюу Дэлүүн болдог, Хар Зүрхний хөх нуураар жилийн дөрвөн улиралд аялж, байгалийн тогтоцын судалгаа хийсэн байна. Мөн нэг жил 8 сарын хугацаанд зохиолын ерөнхий судалгаа хийжээ. Улмаар “Монголын нууц товчооны” эхний 8 бүлэг буюу 1146-1206 он хүртэлх түүхэн үйл явдлыг харуулсан кино бүтээсэн байна.
Ерөнхий найруулагч Б.Тэнгис, “Энэхүү кино нь Уолт Дисней болон бусад томоохон кино компаниудын стандартын хийгдсэн Монголын анхны бүтээл юм. ЕБС-ийн сурагчдын дунд судалгаа явуулахад “Монголын нууц товчоо” нь шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн, эртний үг хэллэг нь ойлгоход бэрх байдаг тул бүрэн гүйцэт уншсан хүүхэд ховор байсан.Тиймээс киног ойлгомжтой, энгийн үг хэллэгтэй бүтээхийг зорьсон. Анимэйшныг бүтээхэд санхүү, хөрөнгө оруулалтаас эхлээд багагүй бэрхшээл тулгарсан. Бид өнгөрсөн 8 жилийн хугацаанд хоёр Ерөнхийлөгч, гурван Ерөнхий сайд, 25 УИХ-ын гишүүн болон бизнес эрхлэгчдэд хандсан ч дэмжлэг үзүүлээгүй” гэлээ.
Кино багийн зүгээс Бээжин, Шанхай, Хонгконгод бүтээлээ танилцуулсан бөгөөд гадаадын үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсээд буйг мөн дурьдсан юм. Тиймээс дэлхийн 9 оронд уг киног нээх гэрээ байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд гэрээ эцсийн байдлаар батлагдсан тохиолдолд олон нийтэд танилцуулна гэлээ. 
Киног бүтээхэд ерөнхий найруулагч, продюссер зэргээс гадна 1000 орчим хүн гар бие оролцжээ. Тухайлбал, олныг хамарсан хэсэгт 500 цэрэг дуу оруулсан бол симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга хамтран тоглосон байна. Өөрөөр хэлбэл, Хөгжмийн хувьд “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан” киноноос хойш симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга хамтран тоглосон анхны бүтээл болсон. Түүнчлэн Тэмүүжиний дууг Харанга хамтлагийн аргил гитарчин, СГЗ Ц. Чулуунбат, Бөртэ хатны дууг дуучин Маралжиноо, Агиймаа, Эгшиглэн нар хамтран дуулсан.
“Ocean Pictures” студи хүүхэд багачуудад зориулсан дараагийн уран бүтээлийнхээ бэлтгэл ажилд орсноо ч дуулгав. Энэ удаад энгийн, чөлөөт сэдвээр бүтээл туурвихаар төлөвлөж байгаа аж.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻