“Монгол Шуудан” ХК ногдол ашгийн хэмжээгээ нэмэгдүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Монгол Шуудан” ХК-ийн 2017 оны жилийн эцсийн аудитлагдсан тайлангаар цэвэр ашгийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэхээр болсон байна.
Тодруулбал компанийн цэвэр ашгийн 30 хувь буюу нэгж хувьцаанд 3.68 төгрөг, нийт 367 сая 247 033 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Тус компани 2017 онд 1.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2016 оноос 21.6 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ.
“Монгол шуудан” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ирэх сарын 30-нд болох аж.
Б.Заяа