Ж.Од: Жилийн дөрвөн улиралд ажиллах нүүдлийн амбулаторитой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-31 02:01:01
Сэлэнгэ/МОНЦАМЭ/ Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын түүхийг шинэхэн хуудсаар зузаалж, дөрвөн үеэрээ эмч хэмээх хүндтэй алдрыг монголдоо анхдагчаар тамгалж, гайхамшигт түүхийг бүтээж, тодоос тод мөрөө үлдээж яваа эгэл гэр бүлийн гишүүн Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Жигжидсүрэнгийн Одыг энэ удаад онцоллоо. Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын ажил үйлс аймагтаа төдийгүй улсдаа өөдрөг яваа. Энэ хамт олны санаачлан хэрэгжүүлж буй ажил үйлс, иргэд олныхоо сэтгэл зүрхэнд нэгэнтээ хүрч, хүсэн хүлээдэг болсоор зогсохгүй брэнд гэсэн тодтоголыг аль хэдүйн хүртээд байгаа юм. Ингээд энэ хамт олны ажил үйлсийн нэгээхэн хэсгээс та бүхэндээ хүргэхээр Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Одтой хөөрөлдөж, халуун яриа өрнүүлснээ хүргэе.
-Сайн байна уу, та. Юуны өмнө өнөөдөр тохиож буй дэлхийн эмч нарын баярын өдрийн халуун мэндийг танд болон танай хамт олонд хүргэе?
-Баярлалаа.
-Таныг удам залгасан эмч хүн гэдгийг мэдэх юм байна. Гэхдээ танай удам монголдоо ганцхан дөрвөн үеийн эмч нар гэж дууллаа. Гайхалтай байна. Бас бахархалтай санагдлаа. Энэ сайхан дурсамжаа хөгөлж, яриагаа эхлэвэл ямар уу?
-Тиймээ. Бид 4 үеэрээ эмч хүмүүс. Миний хамгийн их бахархаж, омогших өдөр бол энэ л өдөр. Эмч нарын өдрөөрөө би бахархаж, омогшихгүй юм бол хэзээ дуугарах билээ. Бусад өдрүүдэд бол энэ талаараа юу ч дуугарахгүй, хэлэхгүй. Эмээг минь Б.Маань гэдэг. 1938 онд Омскийн Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Манай эмээ Монголын анхны эмч нарын нэгээс гадна тэр үед анхны Монгол эмнэлэг гэж үүсч байгуулагдахад анхны мэс заслын эмчээр ажиллаж, Монголын мэс заслын анхны түүхийг бичилцсэн хүн. Миний эмээгийн анхны ажлын гараа одоогийн Нэгдүгээр эмнэлгээс эхэлж байсан гэдэг. Аав минь 26 настайдаа, би ч мөн 26, миний хүү бас л 26 настайдаа сургуулиа дүүргээд эмч болоод ирж байлаа. Ээж минь эм зүйч хүн. Аав, эмээ хоёр минь мэс засалч эмч нар. Харин би нойрсуулагч эмч. Миний хүү О.Анар эрэгтэйчүүдийн эмч, бөөрний мэс засалч. Охин О.Оюужин нүдний эмч.
-Хүмүүс ярихдаа таны аавыг их зарчимч, шаардлага өндөр, мундаг эмч, дарга байсан гэж ярих юм билээ. Таныг ёстой аавынхаа хуулбар, шаггүй хатуу, шаардлага өндөр, зарчимч гэх юм. Та аавынхаа ямар чанарыг илүү өвлөж авсан бэ?
-Би ааваасаа ганцхан чанарыг нь л авсан. Тэр маань их өрөвчхөн зан. Миний аав амьдралд хатуу, чанга зантай юм шиг хэрнээ буулт нь зөөлөн, их өрөвч сэтгэлтэй хүн байсан юм. Би хүнийг өрөвдөж, хайрлаж, болж бүтэхгүй зүйлийг нь ил тод хэлдэг, бас буруудах, болгоомжлох зүйлсүүдийг нь урьтаж сэрэмжлүүлэх зорилгоор шууд хэлчихдэг зантай. Учир нь амжилт олохгүй тоглоомоор бүү тогло гээд л хэлчихдэг юм. Энэ шударга, илэн далангүй зан минь миний алдаа болдог. Угтаа бол тэр хүнийг хайрлаж, өрөвдөж буй хэрэг л дээ.
-Хүү нь аавынхаа гишгэсэн мөрөөр гишгэж, сууж байсан суудал, явж байсан өрөө тасалгаа, уулзаж учирч, удирдаж явсан байгууллага, хамт олныг нь удирдаад явна гэдэг хэн хүнд олдоод байдаг  хувь төөрөг биш байх. Таны хувьд маш азтай, ховор хувь заяатай хүн юм?
-Миний аав аймгийн нэгдсэн эмнэлэг, аймгийн ЭМГ, Зүүнхараагийн нэгдсэн эмнэлэгт дарга хийж байсан. Миний хувьд энэ гурван газарт мөн л дарга хийлээ. Нэг илүү нь би Хөтөлийн эмнэлгийн даргаар  хэсэг хугацаанд ажилласан. Хүү нь аавынхаа амжилтыг ахиулсан гэж бодож байгаа.
-За тэгэхээр удам залгасан цагаан нөмрөгт ачтан Ж.Од эрүүл мэндийн салбарт хичнээн жил ажиллаж байна даа?
-Миний хувьд Зүүнхараа, Хөтөлийн эмнэлгийн дарга, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар гээд хөдөөнөөс эхлээд бүх л газарт нь ажиллалаа. Жавхлант сумын эмнэлэгт салбарын эрхлэгч буюу туслах эмчээр, мөн Хэрхийн эмнэлэгт салбарын эрхлэгч, их эмч, Шаамарын эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан. Мөн Зоонозын төв гэж байгуулагдахад анхны даргаар нь ажиллаж байлаа. Ингээд нийтдээ 30 жил эмчийн ажил хийжээ. Ингээд 1992  оноос хойш тасралтгүй удирдлагын ажил хийж байна. Хүн чинь олон жил удирдах алба хашаад ирэхээр хүмүүсээ хараад л ерөнхийдөө мэддэг болчихдог.
-За одоо хоёулаа таны удирдаж яваа салбарын ажил үйлс рүү орьё. Танай байгууллага 2017 оны ажлаараа агентлагуудаа шалгарч тэргүүн байранд орж байсан. Аймгийнхаа эрүүл мэндийн салбарын ололт амжилтаас сонирхуулаач?
-Би нэг л юмыг голлож үздэг. Салбартаа хүнээс илүүгээр сэтгэж, урд нь алхаж чадаж байвал тэр бол амжилт гэж. Ийм хүмүүсийг ч дэмжихийг хичээдэг. Цагийн аясаар биш түрүүлж бодож сэтгэж, суралцах ёстой. Үүнээс гадна аймгийн Засаг даргын дэмжлэг санаачлагын үр дүнд манай аймгийн эмнэлэг комьпютерийн томографийн аппараттай болсон. Одоо тавихад жаахан юм дутуу байна. Энэ тавигдаад, зардал мөнгө нь бага байх юм бол бид Сэлэнгэ аймгийнхаа хэмжээнд ёстой нэг сайхан оношилдог болно. Үүнийг их том дэвшил гэж харж байгаа. “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр байна. Сүрьеэ өвчнийг зоригтой томоор сэтгэж байж л үр дүнд хүрнэ ш дээ. Өөр аль ч аймагт ингэж хэрэгжүүлээгүй. Бидний сэтгэж хийснийг аймгийн удирдлагууд үнэхээр сайн дэмжиж ажиллаж байна. Мөн халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг байна. Бид одоо идэвхтэй хэлбэрийн сүрьеэг массаар нь үзэж байна. Бид анх хэдэн жилийн өмнө бүх сумандаа хийх юмсан гэж л зорьж байлаа шүү дээ. Хүмүүс санаачлагаараа огт үзүүлдэггүй. Үзүүлээчээ гэж мод чулуу барьж хөөх шахуу юм л болж байна шүү дээ. Бэлгийн замын халдвар өндөр байна л гээд байгаа. Яаж, ямар судалгаан дээр үндэслэж гаргасан юм бэ. Одоо бол жирэмсэн, донор, цэрэгт ирж байгаа залуучууд, ажилд орохыг хүссэн хүмүүс гэсэн хэлбэрээр л бэлгийн замын халдварыг үзэж илрүүлж байгаа. Иймээс сүрьеэ, бэлгийн замын халдварыг л илрүүлж эмчилье гэдэг зорилго тавьсан. Иргэд эхо дотор гэхээр л ирдэг. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хөрөнгө их хэрэгтэй болсон. Ингээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагат хөрөнгийн асуудлыг шийдэж өгөх хүсэлттийг тавьсан. Миний болоод манай багийн нэг онцлог бол бид юмыг эхлээд хаядаггүй. Эхэлсэн бол дуустал нь явдаг. Энэ бол миний хувийн зан чанартай ч холбоотой. Одоо бид 11 суманд явж байна. 10000 хүнд оношлогоо хийсэн. Мөн “Халуун сэтгэл” аян байна. Хамгийн анх 7 жилийн өмнө эхэлсэн. Улаан загалмайтай анх хамтарч хийж байсан. Малчдын үзлэг, төвөөс алслагдсан мал бүхий иргэдийн үзлэг гэж нэрлэе гэж янз янзаар ярьж байгаад “Халуун сэтгэл” гэж нэрлээд манай брэнд үйлчилгээ болоод явж байна. Малчид энэ үйлчилгээнд маш их дуртай. 2016-2017 оны өвөл хүнд ч байлаа бид 11  сумаар явж 4000 гаруй км явж үзлэг хийсэн. Бусад эмчилгээ үйлчилгээний хувьд ч ахиц гарсан олон ажил байгаа. Ер нь бол энэ бүхнээс эрүүл мэндийн салбарынхан бүх хүнтэйгээ жилд нэг удаа уулздаг нь харагдаж байгаа байх. Бид айл бүхний гэрт очиж байна. Сумын төвд нь цуглуулж үзэж байна. Энэ зүгээр нэг чагнуур тавиад явдаг ажил байж болохгүй. Үр дүнд хүрэх ёстой гэдэг зарчмыг би баримталж ажилласан.
-Цаашид хийж хэрэгжүүлэхээр бодож төлөвлөсөн ажлаасаа сонирхуулаач?
-Сүрьеэгүй Сэлэнгийн хүрээнд машинтай болно гэж хөөцөлдсөөр байгаад 10-аад жилийн өмнө нэг машин авсан юм. Анх ирэхдээ л доторх багаж нь гэмтэлтэй ирсэн. Одоо энэ машинаа ашиглах нэг санааг олчихоод л байж байна. Иргэдээс хүсч байгаа маш их хэрэгцээ шаардлагатай зүйл бол шүдний эмчилгээ үйлчилгээ. Энэ том машинаа ашиглаад нүүдлийн шүдний амбулатороор үйлчилье гэж төлөвлөөд бэлтгэл ажлыг хангаад байж байна. Бүх сумандаа жилийн дөрвөн улиралд тойроод явж байдаг нүүдлийн амбулатори хийх хэрэгтэй байгаа. Үүнийг одоо хийнэ. Цогцоор нь, гүйцэд хийнэ. Эхлүүлээд хаяхгүй. Мэдээж энэ ажилд тодорхой хэмжээний хөрөнгийн дэмжлэг хэрэгтэй. Бид улсад үлгэрлэх хэрэгтэй гэж би боддог. Одоо бусад аймгуудаас “Сүрьеэгүй Сэлэнгэ”-ийг яаж хийсэн бэ гээд л асуугаад байдаг. Пээ ямар их мөнгө вэ гээд л гайхаад... Орон нутгийн удирдлагууд маш сайн дэмжиж байна шүү дээ.
-Атгасан гар шиг нэгдмэл нэгэн цул хамт олныг бүрдүүлж ажиллана гэдэг удирдлага хүн бүрт байдаггүй авууштай чанар болов уу. Ажиглаад байхад эрүүл мэндийн салбарынхан маань нэлээд залуужсан харагдана. Танай салбарт ч бас ахиц дэвшил гарч байна. Энэ бүхэн таны хүч чармайлт, удирдах авьяас билэгтэй салшгүй холбоотой гэж бодож байна?
-Баярлалаа. Ажил ингэж урагштай явж байгаа нь аймгийн удирдлагын арга барил гэж би ойлгодог. Хүнийг удирдана гэдэг бол нэг хүн ч, зуун хүн ч адилхан. Тэр хүнийг өөртөө авч удирдах уу, өөрөө орж удирдах уу. Манлайлж, захирч, гуйж гэх мэтээр удирдах арга барил байна. Гурвуулаа л амжилтанд хүрдэг гэж байгаа. Тиймээс гурвууланг нь нийлүүлж удирдах ёстой. Хүн бүр өөр өөр. ЭМГ гэхэд 32 хүнтэй. Би яаж 32 түлхүүр авч явах юм. Аль болох түлхүүрээ цөөлөх ёстой. Гурвууланг нь нэгтгэж байж л үр дүнд хүрнэ гэж би үздэг. Аймгийн эрүүл мэндийн салбарын ажил үйлс өөрчлөгдөж, хөгжиж байна. Тасраад дээшээ гараагүй гэхэд Монгол Улсынхаа хоёр дахь шатлалын буюу аймгуудын хэмжээндээ боломжийн сайн явж байгаа. Үлдэж хоцроогүй. Компьютер томографийн аппараттай болчихвол бид нэг алхам урагшилна. Энэ удаагийн удирдлагын баг их залуу хүмүүс. Ямар нэг ажлыг хүлээж авах чадвар маш сайтай.
-Албан тушаалыг хүмүүс олон талаас нь харж, ойлгодог. Даргын суудалд суугаад өөр хүн болчихдог ч хүмүүс байна. Энгийн хүндлэл хүлээсэн дарга нар ч олон байдаг. Та олон жил удирдах алба хашлаа. Таны давуу тал юу вэ?
-Надад давуу тал байгаа учраас л үе үеийн удирдлагуудтай хамт ажиллаад байж байгаа байх. Хамгийн гол нь ажилдаа үнэнч бай. Хулгай битгий хий. Ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй хандаж сур. Тэгвэл чи сайн удирдлага бас мэргэжилтэн болно. Энэ миний баримталж явдаг зарчим. Ухвар мөчид зарим хүмүүс албан тушаалыг мөнгө, боломж гэж хараад байгаа нь дэндүү харамсалтай.
-Манай аймгийн зарим сумдад Эрүүл мэндийн төвийн дарга эрхлэгчид, эмч мэргэжилтнүүдийн тогтвор суурьшлын асуудал нэлээд яригддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Сумын ЭМТ-ийн даргыг тухайн сумын Засаг дарга аймгийн ЭМГ-ын даргатай  зөвшилцөж томилно гээд хуулиндаа заачихсан. Зарим нэг сумын дарга нарт хууль эрх зүйн талаасаа зөвлөж байгаа хүмүүс нь мэдлэг дутуу байна. Тиймээс буруу гольдролоор яваад байна. Хүмүүс хөдөө орон нутгийн эмч нарыг үзэмжээрээ аваад байна. Явуулын хүмүүс их байна. Одоо Монголд маш олон анагаахын сургууль бий болчихож. Сэтгэлгүй зүтгэлгүй зарим нэг хүнд тогтвор суурьшилтай ажиллуулъя гээд таван ханатай гэр өгөөд ч нэмэргүй. Хаяхаа хүрвэл хаяад л явчихна. Голдуу явуулын хүмүүс очиж ажиллаад хоёр шаардлага тавингуут л алга болдог. Бас мэргэшүүлэх сургалт хүртэл ажиллаж байгаад алга болчихдог. Манай зүгээс бол сумдад ажиллаж байгаа хүмүүсээ сургах ёстой. ЭМГ үүнийг чадахгүй байна. Харин хүмүүс бол манайхыг мэддэг гэж ойлгоод бидэнрүү л яриад байдаг. Боловсон хүчний асуудлыг Од шийддэг бол тогтвортой байлгаж чадна. Өнөөдрийн энэ хуулиар сум нь мэдэж байгаа болохоор үнэхээр боломжгүй. Би энэ жил гэрээгээ хийхдээ гурвалсан маягаар хийгээчээ гэж сумдад бичиг явуулсан. Сэлэнгэ аймаг эмч нарын хувьд ер нь явуулын газар болоод хувирчихлаа. Сумын эмнэлэг гэдэг бол өвдсөн хүнийг хүрч ирэхээр нь түүх нээгээд явуулдаг газар биш. Уг нь сумынхаа бүх хүнийг эрүүл зөв дадал хэвшилд сургах, нийгмийн талруугаа үйлчилгээ үзүүлэх газар ш дээ. Мэдээж өвдсөн хүнээ эмчилнэ.
-Таныг их олон ажлыг анхлан санаачилж хийсэн гэдгийг мэднэ. Тэр дундаа ахмадууддаа зориулсан сувиллын газрыг аймагтаа санаачлан байгуулсан талаараа сонирхуулаач?
-Намайг 25 жилийн дараа ирэхэд хүүхэд байхад аягүй гоё гоё байсан ах эгч нар маань хөгширчихсөн байсан. Тэгээд л ахмадуудыг харах ёстой юм байна гэж бодсон. Ахмадуудад ганцаардал гэж нэг хэцүү зүйл тохиолддог. Үүнийг хэн ч хүлээн зөвшөөрдөггүй мөртлөө бүх хүнд тохиож байдаг. Үүнийгээ ярьж чаддаггүй. Үр хүүхэд цөөтэй ийм хүмүүст бүр их тохиож байна. Намайг тэр хүмүүс маань маш гоё хүлээж авсан. Ингээд хариуд нь юу хийх ёстой вэ? Эмнэлгийн үйл ажиллагаа явдгаараа явна. Ингээд л “Буман нарс” гэж сувиллыг анх санаачилж хийсэн дээ. Эхлээд үнэ төлбөргүй явдаг байсан. Сүүлдээ амьдрах боломжгүй болоод ирэхээр нь хоногийн 10000 төгрөгөөр явуулдаг болсон. Үе тэнгийхэн хамт байхаар ярьдаг сэдэв нь, туулсан замнал нь их гоё таараад байдаг. Түүндээ сэтгэл ханамжтай байгааг харж суухдаа би өөрөө маш их сэтгэл ханамжтай болдог доо. Ахмадын эрүүл мэндийн асуудал ганцхан манай аймагт байдаг. Энэ ажил маань бусад аймагт байхгүй.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻