Энэ жил улсын хэмжээнд 513.2 мянган га талбайд тариалалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-11 17:27:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай Улс энэ онд 513.2 мянган га талбайд тариалалт хийхээс 390.4 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32.0 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс, жимсгэнэ тариалахаар төлөвлөөд байна..

Энэ зорилтын хүрээнд 14 аймгийн 1480 гаруй аж ахуйн нэгж үр тариа, тос, тэжээлийн тариалалтыг, 470 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрх айл төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг хийхээр бэлтгэл ажилдаа орлоо хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Өнгөрөгч онд гурилын үйлдвэрлэлд нийлүүлсэн улаанбуудайнд 7.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон байна. Энэ жилийн тариалалтад нийтдээ 60.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2017 оны ургацаас 24.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд Тариалан эрхлэлтийг дэмжих санд 25.8 мянган тонн, Онцгой Байдлын Ерөнхий Газрын Улсын үрийн нөөцийн салбарт 3.0 мянган тонн үрийн нөөцийг бүрдүүлээд байгаа аж. Түүнчлэн төсвийн хөрөнгөөр 4.8 мянган тонн элит үрийг нийлүүлэхээр төлөвлөжээ.

Мөн БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр трактор, хадлан тэжээлийн зориулалттай техник, төхөөрөмжийг олгох, ОХУ-д үйлдвэрлэсэн үр тарианы үрлүүр, сийрүүлүүр, хор цацагч, үтрэмийн техникийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй 5.6 хувийн хүүтэй 3-4 жилийн хугацаатай зээлээр олгох ажил үргэлжилж байна.

Газар тарианлангийн үйлдвэрлэлд нийтдээ 22 мянган тонн шатахууны хэрэгцээ байгаагаас хаврын тариалалтад шаардагдах 7.8 мянган тонн дизель түлшний онцгой албан татварыг тэглүүлэх саналыг салбарын яамнаас боловсруулан Засгийн газарт тавиад байгаа аж.
 
相关新闻