Хөрөнгийн бирж СЗХ-нд үнэт цаасны давхар бүртгэлд онцгойлон анхаарах хүсэлт тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-13 09:56:05
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж  мэргэжлийн дэд бүтцийн байгууллагын хувьд СЗХ-нд үнэт цаасны давхар бүртгэлийн анхны компанийн шалгалтанд онцгой анхаарал хандуулж ажиллах хүсэлтийг хүргүүлжээ.

"Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2013 онд батлагдаж, 2017 онд СЗХ-ноос давхар бүртгэлийг зохицуулах журам, МХБ-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг шинэчлэн найруулснаар үнэт цаасны давхар бүртгэлийг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Энэ дагуу  үнэт цаас давхар бүртгүүлэх анхны хүсэлтийг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниас өнгөрөгч  сарын 12-нд МХБ болон СЗХ-нд нэгэн зэрэг хүргүүлсэн. МХБ-ээс тус компанийн үнэт цаасны бүртгэлийн шалгалтыг хуульд заасан хугацаанд шалгах ажлыг бүрэн гүйцэтгэн энэ сарын 4-ний өдөр тус компанийн 1.2 сая канад долларын үнийн дүн бүхий 4 сая ширхэг хүртэлх үнэт цаасыг МХБ-ийн үнэт цаасны III ангиллын бүртгэлд бүртгэсэн бөгөөд үнэт цаасыг СЗХ-ноос бүртгэснээр олон нийтэд танилцуулах, санал болгох эрх нь нээлттэй болох юм байна.

"Үнэт цаасны анхны давхар бүртгэлийг нэвтрүүлснээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй 30 гаруй уул уурхайн компаниуд манай биржид үнэт цаасаа гарган арилжих боломжийг нээх юм. Улмаар  иргэд, олон нийт эдгээр компанийн хувьцааг эзэмшиж, байгалийн баялгийн үр шимийг хүртэх боломж бүрдэж байгаагаараа түүхэн чухал ач холбогдолтой. Мөн Монголын Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэгэн шатаар ахиулж, дэлхий нийтийн жишиг хандлагын дагуу хөгжүүлэх, улс орны эдийн засагт хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэн, хөрөнгө босгоход таатай  орчныг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ"  хэмээн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэллээ.
Б.Заяа 
相关新闻