Эрдэнэбулганы түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-23 16:07:39
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар гарсан түймрийг  энэ сарын 20-ы өдөр цурманд оруулсан бөгөөд түймрийг бүрэн унтраахаар түймрийн голомтонд нийт 168 хүн, 13 автомашин, 8 мотоцикль, 35 морьтой ажиллаж байна.
"Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 25, Орхон-Уул аймгийн ОБГазраас ахмад Б.Булганаар ахлуулсан 15, Булган аймгийн ОБГазраас дэслэгч С.Жавхлантаар ахлуулсан 12 алба хаагч  ажиллаж байна. Эрдэнэбулган сумаас байгаль орчны улсын хяналтын байцаагч С.Баярсайханаар ахлуулсан 76,  Цагаан-Үүр сумаас ОБГ-ын орлогч хошууч О.Ганбатаар ахлуулсан 40 иргэн 9 автомашин, 8 мотоциль, 35 морьтойгоор түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Зарим унтарсан хэсгүүдийг орон нутагт хүлээлгэн өгч эхэлсэн бөгөөд урьдчилсан байдлаар түймэрт 5800 га талбай шатсан дүн мэдээтэй байна" хэмээн Хөвсгөл аймгийн ОБГ-ын гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч Л.Бямбасүрэн мэдээллээ. 

Б.Гантуяа
相关新闻