Багануур дүүргийн спортын ордныг 397 сая төгрөгөөр засварлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТБагануур дүүргийн ард иргэдийн спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болох хөрөнгө оруулалт хийлээ.
Тус спортын ордон байгуулагдсанаас хойш дорвитой засвар хийгээгүйгээс дусаал гоождог, халаалт муутай болж спортын тэмцээн уралдаан явуулахад тав тухгүй, үзэгчид зутардаг байсан. Тэгвэл хүүхэд залуучуудад бие бялдрын болоод сэтгэл зүйн тэсвэр хатуужил хүмүүжил төлөвшил олгодог энэ салбарын хөгжил ирээдүйн тамирчдын амжилттай салшгүй холбоотой учраас спортын салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй хэмээн дүүргийн төр захиргааны байгууллагаас 397 сая төгрөгөөр засварлажээ.
Засварын ажлын гүйцэтгэгчээр “Мөнх өргөө” ХХК ажиллан, үүд хэсэгт нь нэмэлт өргөтгөл байгуулж, дасгалжуулагчдын өрөөг шийдвэрлэсэн байна. Мөн А заалны халаалтыг сайжруулж, цонх гэрэлтүүлгийг шинэчлэн хуучин ашигладаггүй байсан өрөөг засварлан саун, эрэгтэй, эмэгтэй душтэй болгожээ. Харин Б зааланд таеквондогийн дугуйлан, үндэсний бөх, чөлөөт бөхийн дугуйлан хичээллэх орчныг бүрдүүлжээ. Жилийн жилд шал хаалга будахаас хэтэрдэггүй байсан спорт заалны засварын ийнхүү иж бүрнээр шийдсэнээр тамирчдын дасгал сургуулиа хийх орчин илүү ая тухтай болж, дасгалжуулагч багш нарын ажиллах орчин ч сайжирч байгаа юм. Хөрөнгө оруулалтыг хийхдээ олон нийтэд чиглэсэн, үр ашигтай байхаар тооцож байгаа бөгөөд тус дүүргээс улс, нийслэл, олон улс, олимпийн тэмцээн уралдаанд өрсөлдөх чадвартай тамирчдыг төрүүлэн гаргахын төлөө төр захиргаанаас анхааран ажиллаж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байна.
Ж.Болор